...
...
Logo
Улс төр
Sainjargal
5-р сар 11

Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо

Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоолын төслүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хууль, тогтоолын төсөл боловсруулах 19 Ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр 19 Ажлын хэсгийн ажлын явцтай Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.11) танилцлаа. Тэрбээр эдгээр Ажлын хэсгийн ажилд үнэлэлт дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд нэгтгэж, татан буулгах зэргээр арга барилдаа өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг онцлов.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд цаашид Улсын Их Хурлын гишүүдээс бүрдэх Ажлын хэсгийн талаар ямар бодлого баримтлах талаар байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдэд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх гэсэн гурван үндсэн бүрэн эрхтэйгээс гадна хууль санаачлагчдаас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, улмаар хуулийн төслийг батлуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл хууль, тогтоолын төсөл санаачлах  эрх бүхий субьектүүд нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, эцэслэн батлуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг хариуцан ажилладаг. Онцгой, шаардлагатай тохиолдолд хууль, тогтоолын төсөл боловсруулах, Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хууль, тогтоолын төсөл боловсруулах зэргээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа өрнөдөг байсан. Харин Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар шинэ Улсын Их Хурал бүрдэх үед өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг бүгдийг нь буцааж, өргөн барьсных нь дараа хэлэлцдэг хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурал анхдугаар чуулган эхэлж байх үед, тухайн үед хэлэлцэх хуулиуд хараахан өргөн баригдаагүй байх үед тухайн үеийн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 57 Ажлын хэсэг байгуулж, тодорхой хуулийн төслүүдийг боловсруулах ажил эхэлсэн бол дараагийн УИХ-ын дарга Н.Учралын үед нэгтгэн цөөлж, 19 Ажлын хэсэг болгосон. Харин одоо эдгээр Ажлын хэсгийн ажлын явцад дүгнэлт хийж, тодорхой шийдвэр гаргах цаг болсон хэмээлээ. Урьдчилсан байдлаар Ажлын хэсгүүдийн ажлын явц хангалтгүй гэж үзэж байгаа аж. Энэ хүрээнд Ажлын хэсгийн ахлагч нартай мэдээлэл солилцох зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

Дээр дурдсан 19 ажлын хэсгээс  байгаль орчин болон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгүүд хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байгаа аж. Тодруулбал анх тавьсан зорилтынхоо 8хувийг хэрэгжүүлсэн гэдэг дүгнэлттэй байна. 50 хувийн гүйцэтгэлтэй 5 Ажлын хэсэг, ирц бүрэлдэж хуралдаагүйн улмаас удаашралтай гэсэн ангилалд орсон 10-30 хувийн гүйцэтгэлтэй 12 Ажлын хэсэг байгаа гэж үнэлэгдсэн байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг сонсож, үлдсэн хугацаанд ажлаа шуурхайлж, тав, зургадугаар сардаа багтаж, санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!