УИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав

Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц товч танилцуулга хийв. Тус хороо санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 29 хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэлээ. Цаашдаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр УИХ-д өргөн мэдүүлсэн болон боловсруулж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулгадаа дурдаж, үүсээд буй нөхцөл байдлын нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа мөн танилцууллаа. Тухайлбал 2026 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын салбарын зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 11,8 хувьд хүрч болзошгүй гэв. Түүнчлэн өрхийн санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр богино хугацааны мөнгөн хэрэгцээ өсөн, өндөр өртөгтэй зээлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх, иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Санхүүгийн зохицуулах хороо тооцоолжээ. Тиймээс зээлийн чанар, өрхийн дарамтыг бууруулах чиглэлээр зээлийн хүү, шимтгэл, барьцааны нөхцөлд хяналт тавих, активын ангилал, эрсдэлийн сангийн хамгаалалтын зохицуулалтыг сайжруулж, чанаргүй зээлийн хувь хэмжээг тогтворжуулах, бууруулах, санхүүгийн урсгалыг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг хэлж байлаа.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур бөгөөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр нь 3,2 сая иргэн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авдаг болж энэ хэрээр хөрөнгийн зах зээл өсөж байна, хөрөнгийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалдаг болсонтой холбоотойгоор тус зах зээл дээр өсөлт гарсан гэх зэргээр тайлбарлах нь буруу дүгнэлт гэв. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо хуулиас давсан журам баталж, энэ нь эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр өндөр хүүтэй зээл болж ирж байгааг анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга санууллаа.
Үргэлжлүүлэн, ижил төстэй бусад улс орнуудтай харьцуулахад манай улсад банк бус санхүүгийн байгууллагын тоо өндөр байна. 3,7 сая хүн амтай Гүрж Улсад ББСБ-ийн тоо 53, 3 сая хүн амтай Армен улсад ББСБ-ын тоо 46 байгаа бол 3,2 сая хүн амтай Монгол Улсад 578 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаад дүгнэлт хийж, гарц шийдэл олж ажиллах шаардлага байгааг мөн онцлов. Тиймээс өрсөлдөөнийг дэмжих, зээлийн хүүг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг яаралтай боловсруулж Улсын Их Хуралд ирүүлэхийг үүрэг чиглэл болголоо. Мөн танилцуулгад дурдагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 51 журамд дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа 7 хоногийн дотор ирүүлж хуулиас давсныг нь нэн даруй цуцлахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамцад даалгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
