Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.05/ хуралдаан ирвэл зохих 29 гишүүнээс 15 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр, А.Ундраа, Б.Уянга нар хүрэлцэн ирснээр 15 цаг 18 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлсэн.
Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл танилцуулсан.
Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, С.Замира, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нар ажилласан байна.
Ажлын хэсэг салбарын яам, орон нутгийн хог хаягдлын асуудал хариуцсан газар, хэлтэс, хог хаягдлын менежментэд оролцогч байгууллагууд, төрийн бус байгууллага болон холбоод, дахин боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй таван удаагийн хуралдаан, хоёр уулзалт, дөрвөн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа болон Засаг даргын Тамгын газраас хог хаягдлын менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажилтай газар дээр нь очиж танилцсан гэж байлаа.
Хог хаягдлын хууль, тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, менежментэд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх боломжийн талаар зохион байгуулсан дөрвөн удаагийн хэлэлцүүлэгт нийт 43 байгууллагын төлөөлөл, 400 гаруй бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтнууд оролцож, нийт 175 санал гаргасныг хүлээн авч, саналыг нэгтгэн боловсруулсныг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.
Хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, салбарын оролцогч талуудын санал, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн ажлын хэсгээс нэгдсэн дүгнэлтийг гаргасан байна.
Уг дүгнэлтэд, Монгол Улсын хог хаягдлын менежмент, санхүүжилтийн тогтолцоо нь зөвхөн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлахад төвлөрсөн, санхүүжилт хангалтгүй, хүний нөөц тогтворгүй, хариуцлагын механизм сул байгаа нь салбарын хөгжлийг хязгаарлаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Иймд тус салбарт эрх зүй, санхүү, институт, зах зээлийн цогц шинэчлэл хийх шаардлага зайлшгүй тулгарч байгааг дурджээ.
Нэн тэргүүнд хог хаягдлын санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, үүсгэсэн хэмжээгээр төлөх зарчимд суурилсан төлбөрийн механизмыг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүрэг тогтоодог эрх зүйн орчныг өөрчилж чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх, ингэснээр үйлчилгээний чанар, үр ашиг дээшилж, хог хаягдал бууруулах эдийн засгийн хөшүүрэг бодитоор бий болно гэсэн байв.
Мөн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн салбарт өрсөлдөөнийг нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд тээвэрлэгч байгууллагаа өөрсдөө сонгон гэрээ байгуулах боломжийг бүрдүүлэх нь үйлчилгээний чанар, хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ эх үүсвэр дээр ангилан ялгасан хог хаягдлыг тусгайлан цуглуулах, тээвэрлэх тогтолцоог бий болгох хэрэгцээ байна. Үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог (EPR) бүрэн хэрэгжүүлж, ялангуяа цахим, цахилгаан хэрэгсэл, сав баглаа боодол зэрэг бүтээгдэхүүний хаягдлыг эргүүлэн татах, дахин боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үүнтэй уялдуулан депозит систем, урамшууллын механизмыг нэвтрүүлэх нь чухал гэж дүгнэлтэд дурдсан байв.
Орон нутгийн түвшинд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн менежмент сул, хэмжилт, бүртгэлийн тогтолцоо хангалтгүй байгаа тул авто пүү, хэмжилтийн техник, хэрэгслээр бүртгэл, мэдээллийн системд холбох шаардлагатай. Мөн төвлөрсөн цэгүүдийн байршил, хүчин чадлыг бүрэн хангаж, нэгдсэн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн иж бүрэн судалгаанд үндэслэн шинэчлэх, нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй. Барилга, нураалтын хог хаягдлын хувьд үнэ, тарифын тогтолцоог шинэчилж, ангилал, стандарт журам хор аюулын зэрэглэлийг тодорхой болгох, цуглуулах тээвэрлэх, боловсруулах үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх, дахин боловсруулах дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Аюултай хог хаягдлын чиглэлээр улсын хэмжээнд тооллого хийж, нэгдсэн бүртгэл бий болгох, ангилал, жагсаалтыг шинэчлэх, устгалын дэд бүтэц байгуулах, тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгож, цахимжуулах шаардлагатай. Мөн малын гаралтай хог хаягдлын асуудлыг тусгайлан авч үзэж, бүтэц, хэмжээний судалгаанд үндэслэн цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулалтын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, мал нядалгааны болон мах боловсруулах үйлдвэрүүдийн хариуцлагыг тодорхой болгох нь зүйтэй гэж уг дүгнэлтэд дурдсан байлаа.
Түүнчлэн дахин боловсруулах салбарыг хөгжүүлэх хүрээнд дахивар түүхий эдийг дахин боловсруулж хийсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, дахин боловсруулсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон зээлд хамрагдахад төрөөс баталгаа гаргах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн дахивар түүхий эдийн цуглуулалт, тээвэрлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэх нь чухал. Цаашид салбарын бодлого, зохицуулалт олон салбарт хуваагдсан байдлыг халж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын бүтэц байгуулах замаар бодлогын уялдаа, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна гэж дүгнэжээ.
Үүний зэрэгцээ орон нутгийн эрх мэдэл, үүргийг тодорхой болгож, хог хаягдлын менежментийн хэрэгжилтийг нийслэл, аймаг, дүүрэг, сумын онцлогт нийцүүлэн зохион байгуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Мөн хог хаягдлын менежментийн бүх үе шатанд нэгдсэн стандарт, шаардлагыг мөрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хандлага, боловсролыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ажлын хэсэг дүгнэсэн байв.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Г.Ганбаатар, С.Замира, С.Одонтуяа нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар 2024 оны байдлаар Монгол Улсад 2.7 сая тонн хог хаягдал үүссэн байгаа нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад 35 хувиар өссөнд онцгойлон анхаарах цаг болсныг тэмдэглээд, цаашид эрх зүйн орчныг яаралтай сайжруулах шаардлагатай байна гэв. Мөн бохирдуулагч нь үүсгэсэн хэмжээгээр төлөх зарчим бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг онцлоод, үүний шалтгаан нөхцөл болон улмаар дугуй, аккумльяатор зэрэг дахивар эдийг дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлдэг эсэхийг тодруулсан.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улс хог хаягдлын асуудалд менежментийн гинжин холбоо байхгүй тул энэ асуудалд хариуцлагын тогтолцоог тодорхой болгох нь чухал гээд, хог үйлдвэрлэгч болон импортлогчдыг татварын ялгамжтай зохицуулалтаар асуудлыг цэгцлэх, хог хаягдлын хяналт, бүртгэл, мэдээлэлд дэвшилттэй зохицуулалтыг судалсан эсэхийг лавлав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нийт хог хаягдалд энгийн болон аюултай хог хаягдлын эзлэх хувь хэмжээний харьцаа хэр байгааг, цаашид хаягдал үүсгэж буй хэрэглээг хориглох, хязгаарлалтын арга хэмжээ авах, нийлэг хальсан ууттай холбоотой эрх зүйн орчин байнга өөрчлөгдөж буйд судалгаа хийсэн эсэхийг хөндөж байлаа.
Хуралдаан “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
