Хуульч, өмгөөлөгч Д.Батсүх: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах www.uih.mn сайтаар явуулсан гарын үсгийн баталгаажуулалт, хэлбэр нь хууль бус

“United info hub” буюу www.uih.mn сайтын “Нийтийн өргөдөл” хэсэгт нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж, санал хураалт явуулж буй. Гэвч энэхүү санал хураалт нь хууль зүйн хувьд хүчингүй болохыг хуульч, өмгөөлөгч Д.Батсүхээс тодруулахад тэрбээр дараах тайлбарыг өглөө.
ТАЙЛБАР 1: “Uih.mn сайтын “Нийтийн өргөдөл” хэсэгт байршуулсан Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд гарын үсэг авахдаа и-мэйл хаягаар гарын үсэг авч байна. Хүн хэдэн ч и-мэйл хаягтай байж болно. Мөн зориуд зохион байгуулалттайгаар и-мэйл хаяг нээх боломжтой. Одоогийн байдлаар 38 мянга гаруй гарын үсэг зурсан гэж харагдаж байна. Хууль зүйн хувьд энэ нь болохгүй.
ТАЙЛБАР 2: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулиар “Бичгээр эсвэл цахим хэлбэрээр өргөдөл гомдол гаргаж болно. Үүнд, гомдол гаргагчийн овог нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, гарын үсгээ зурна. Гарын үсэг гэдгийг энэхүү хуулийн 4.6 дахь хэсэгт “Гарын үсэг гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14 дэх хэсэгт зааснаар ойлгоно” гэж заасан. Тус хуульд цаасан хэлбэртэй бол өөрөө гарын үсгээ зурна. Цахимаар өргөдөл гаргаж байгаа бол Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
ТАЙЛБАР 3: Цахим гарын үсгийн тухай хуульд “Тоон гарын үсэг гэж уг хуулийн 6.2 дахь шаардлагыг хангасан цахим гарын үсгийг хэлнэ” гэж заасан. Цахим гарын үсэг гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан эсвэл нэгтгэсэн цахим өгөгдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоож өгсөн цахим гарын үсгийн шаардлагыг хангасан өргөдөл бичмэл гарын үсэгтэй адилд тооцогдоно.
“United info hub” буюу www.uih.mn сайтаар явуулсан гарын үсгийн баталгаажуулалт, хэлбэр нь хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас хууль бус өргөдөл болно. 30 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан гэдэг ч бодит бус тоо. И-мэйл хаягаар хэн ч хэдэн ч гарын үсэг өгөх боломжтой. Тиймээс 38 мянган гарын үсэг гэдэг бол бодит тоо гэж хэлэх хууль зүйн үндэслэл алга байна лээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
