...
...
Logo
Улс төр
Sainjargal
4-р сар 03

Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуунд хамтын ажиллагааны хөтөлбөрийн төсөл гардуулав

Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуунд хамтын ажиллагааны хөтөлбөрийн төсөл гардуулав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун өнөөдөр (2026.04.03) Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковскиг өргөмжит консул болон гэргийн хамт хүлээн авч уулзлаа. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ой тохиож буй цаг үед Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, эхний уулзалтаа парламентын бүлгээс эхлүүлсэн ноён Элчин сайдад талархал илэрхийлэн амжилт хүсэв.

Парламентын бүлгийн даргын зүгээс улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагууд гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцлоод, хоёр улсын парламентын бүлгүүд 2026 оны 02 дугаар сард цахим уулзалт хийж, сайн туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон, үүнд оролцоо, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв. 


Түүнчлэн уур амьсгалын хувьд ижил төстэй хоёр улсын дипломат харилцааг хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлд хөгжүүлэх, ялангуяа цөлжилттэй тэмцсэн дэвшилтэт шийдлээсээ танилцуулах, ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Олон Улсын Эмэгтэй Парламентчдын чуулга уулзалтад төлөөлөл оролцуулах, орчны хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны судалгааны туршлага солилцох зэрэгт хамтрахад нээлттэй талаар дурдлаа. 

 

Элчин сайд Э.Белоцерковски талархал илэрхийлээд, Монгол Улсад Израилын төлөөлөл айлчлах, аялах хүсэлтэй байгааг уламжиллаа. Мөн хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхэд анхаарна. Хөдөө аж ахуйн сургалтууд болон үйлдвэрлэлийн дадлага олгох зэрэг боловсролын салбарт хамтрах, ялангуяа гоц авьяастай хүүхэд, залуусыг суралцуулах боломж байгааг тэрбээр онцлон тэмдэглэв. 

Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковски Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуунд хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг гардууллаа. Парламентын бүлгийн дарга уг мэдээлэлтэй танилцаад, хариуг хүргүүлэхээ мэдэгдсэнээр уулзалт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!