Монгол-Сингапурын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо

Тэрбээр элчин сайд Вонг Кай Жиуныг Итгэмжлэх жуух бичгээ барьсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, Монгол–Сингапурын парламентын бүлгийн даргын хувьд хоёр улсын парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улсыг Зүүн Өмнөд Азийн чухал түнш бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гол гишүүн орны нэг гэж үздэгээ онцлов. Түүнчлэн найрамдлын бүлгүүдийн тогтмол цахим болон танхимын уулзалтуудыг зохион байгуулж, хууль тогтоох байгууллагын туршлага солилцох, парламент хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вонг Кай Жиун парламентын найрамдлын бүлгүүд нь хууль тогтоох байгууллага хооронд яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, иргэдэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр талын харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэгийг тодотгоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн юм.
Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганмаа нар оролцсон бөгөөд талууд эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
