...
...
Logo
Улс төр
Sainjargal
4-р сар 01

Ойн чиглэлээр бизнес эрхлэгчид төрийн бодлого, шийдвэр тогтвортой, хууль тогтоомж уялдаатай байх чухал гэв

Ойн чиглэлээр бизнес эрхлэгчид төрийн бодлого, шийдвэр тогтвортой, хууль тогтоомж уялдаатай байх чухал гэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2026.04.01) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Байнгын хорооноос Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд цувралаар явуулж байна. 

 

 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулахдаа, 12 бүлэг, 59 зүйлтэй төслийн үзэл баримтлалд ойг үнэт баялаг хэмээн үзэж, байгаль дэлхийн уур амьсгалд чухал ач холбогдолтой, экосистем бүрдүүлэгч, орон нутгийн амьжиргаа, ажлын байруудыг бий болгох эдийн засгийн эх үүсвэр болгохыг чухалчилсан гэсэн юм. Төслийн үндсэн санаа нь ой бол зөвхөн мод төдий зүйл биш, ирээдүйгээ бодож хамгаалах, байгалийн ойг хувьчлахгүй, нөхөн сэргээхгүйгээр ашиглахгүй гэсэн зарчимд тулгуурлана. Ойн мэдээллийн нэгдсэн системтэй болгон бүх ашиглалт, нөхөн сэргээлтийг бүртгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чангатгахаар төсөлд тусгаад байгаа.

 

Монгол орны ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтыг хангах зэрэг олон зорилттой уг төсөлд “Ойн менежмент”, “Ойн нөөцийн өмчлөл”, “Ойн эдийн засаг”, “Самрын менежмент”, “Ойн нүүрстөрөгчийн зах зээл”, “Хушин ойн хамгаалалт” зэрэг бүлэг, зүйл заалтуудыг томьёолон, зохицуулалтуудыг тусгасан онцлогтой байна. Түүнчлэн ой бүхий нутгийн иргэдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг багтаажээ. Харин манай улсаас хил гаалиар 1064 тонн самар бүртгэлгүйгээр гарч байгааг судалгааны явцад олж илрүүлсэн. Жилд экспортолдог самрын хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт яваа хэрнээ албан ёсны тоо бүртгэлд эхний 20 улсын тоонд ордоггүй. Зах зээлийн ханш 20 ам.доллараар үнэлэгддэг атал Монголынх харьцангуй бага ханшаар худалддаг зэрэг бодит нөхөл байдал, тулгамдсан асуудалд үндэслэн эрх зүйн зохицуулалтын шинэчлэхийг зорьсон талаар Ажлын хэсгийн ахлагч танилцууллаа. 

 

 

Хуулийн төслийн танилцуулгын дараа оролцогчдын байр суурь, саналыг сонсов. “Монголын ойчид, модны үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Гэндэнжамц ойн салбарынхан аливаа бодлого шийдвэр, хуулийн төсөлд оролцоо багатай явж ирсэн, угаасаа ч цөөхүүлээ. Гэхдээ энэ удаа бид бүхний санал их чухал байна хэмээн мэргэжил нэгтнүүдээ уриаллаа.

 

Ойн чиглэлээр бизнес эрхлэгчдийн хувьд төрийн бодлого, шийдвэр тогтвортой, хөндлөнгийн оролцоо багатай байвал тустайг дурдаж, ялангуяа байгаль орчны чиглэлийн хууль тогтоомж нь давхардал ихтэй, харилцан үгүйсгэсэн зүйл, заалтуудтайг нэг мөр цэгцэлж, уялдаа холбоотой болгож сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

 

 

“Хорьдол сарьдаг уул” ХХК-ийн ерөнхий инженер н.Намжилмаа хуулийн төсөлд агро ойн аж ахуйн хэсэгт зөвхөн ашиглалтын бүсийг тодотгох нь учир дутагдалтайг дурдаж, ойн нөхөрлөлүүдийг төрөөс бодлогоор дэмжих ёстой гэсэн саналыг хэлэв. “Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” ТББ-ын тэргүүн З.Болдбаатар, орон нутаг дахь ойн ангиуд боловсон хүчний чадавх муутай. Тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга нараас хамааралтайг болиулж, салбарын яам, агентлагаас томилдог, босоо удирдлагын тогтолцоог бий болгох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь яамны хэмжээний бодлогыг хэрэгжүүлж байгааг харгалзан цар хүрээг тэлж, дэмжих шаардлагатай байна гэв. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт хумигдсан ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн уян хатан бодлогыг боловсруулах нь зүйтэйг өгүүлсэн.

 

Хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан нэг асуудал бол хушин ойг хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой зохицуулалтын тухай байв. Манай орны Архангай, Булган аймгаас бусад газар нутагт нөхөрлөл ажиллуулах хэмжээний хуш модтой ой хомс гэдгийг хуулийн төсөл санаачлагч Б.Бат-Эрдэнэ оролцогчдод сануулаад, Монгол орны ой цэвдгээс хамаарч уулын орой руугаа шигүү болж байгаа, жилээс жилд цэвдэг хайлахын хэрээр ой багасах хандлагатай гэсэн судалгаа бий хэмээв.

Ойтой холбоотой бизнес эрхлэгчдийн төлөөллийн зүгээс бизнесээ хамгаалж үлдэх нь амаргүй болсон, нэр хүндэд халтай, цаашид “дундын ченж” гэх нөхөд үнийн хөөрөгдөл үүсгэдэг байдлыг зохицуулах, орон нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар санал гаргалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!