Улс төр

ADMIN
06 сарын 11
06 / 11

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

Бид төрөө хулгайчдаас цэвэрлье, төсвөө иргэдийн хөгжилд зарцуулдаг болъё гэсэн зарчим барьж байгаа.

         “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн замналаа эхлүүлсэн Дорнод аймгаас эхэлсэн бол үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийг иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын эхэнд тэрээр “Бид төрөө хулгайчдаас цэвэрлэе, төсвөө иргэдийн хөгжилд зарцуулдаг болъё гэсэн зарчим барьж байгаа. Мөн хувийн хэвшилд учирдаг төрийн дарамтыг арилгана. Татварын тогтолцоо, эрх зүй, зөвшөөрөл, хүнд суртал бүгд хувийн хэвшлийг боомилоход чиглэж байгаа. Бизнес хийхийн тулд заавал танил тал, тохоо татаж байгаа. Үүнийг тойрсон асар том авлига, дээрмийн тогтолцоо бий болж байна. “Үндэсний Эвсэл”-ийн бодлого бол хийж бүтээе гэсэн иргэд хувийн хэвшлийг тултал нь дэмжих. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм” гэлээ. “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт Ч.Эрдэнэбат, Э.Ундармаа, Ш.Бямбатогтох, Т.Бат-Оргил, Э.Заягэгээ нар дэвшиж байгаа юм.

 “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Эрдэнэбат: Эвслийн мөрийн хөтөлбөрт иргэдийг насны үечлэлээр, нийгмийг ач холбогдлоор нь ангилж оруулсан нь онцлог. Тодруулбал, хүн төвтэй мөрийн хөтөлбөр болсон. Намууд байшин, зам барина гэх зэргээр хөтөлбөртөө тусгачихдаг. Гэтэл түүнийг ашиглах хүн нь өөрөө аз жаргалгүй болчихдог байсан. Хүнээ боддоггүй бас биелдэггүй мөрийн хөтөлбөрүүдтэй байсан. Зүүн бүсийн хувьд ложистик, ажлын байр, хот төлөвлөлтийн асуудлууд байгаа. Энэ бүхнийг шийдэх илүү их инноваци шингээсэн хөгжлийн асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.  

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Бат-Оргил: Их энгийнээр хэлвэл бид төрийг ард түмнийх болгох хэрэгтэй. Бид намын дарангуйлал дор их удаан оршлоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр маань харийн түрэмгийлэгчийн амбан шиг байж, ард түмнийхээ хүслийг сонссонгүй. Нялх хүүхдүүдтэй харьцаж байгаа юм шиг та нарт энэ л хэрэгтэй гэж шууд тулгадаг. Энэ явдлыг таслан зогсоож, монголчууд юу хүсэж, яаж амьдрахыг зорьж байна вэ гэдгийг сонсох зорилготой. Бид Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Дорнод бол маш чухал бүс. Чойбалсан бол олон улсын хуурай боомт болох учиртай хот юм. Тэр чиглэл рүү бид ажлаа эрчимжүүлэх ёстой. Зүүн бүс маань тэр чигээрээ Зүүн өмнөд Азитай холбох төмөр зам дайрч өнгөрөх стратегийн ач холбогдолтой бүс. Монгол Улсад боомт байхгүй. Бид хилийн гацааг л боомт гээд нэрлээд сурчихсан. Чойбалсан бол жинхэнэ утгаараа боомт болох ёстой. Түүнийгээ дагаад иргэдийн амьдрал сайжрах хэрэгтэй.

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Бямбатогтох: “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн цөөнгүй заалтад эрүүл Монгол хүн бүтээх тухай орсон. Миний хувьд спортын хүн. Энэ ч утгаараа тус салбарын хөгжлийн асуудалд илүүтэй анхаарал хандуулна. Энэ нь зөвхөн их спортын тухайд биш нийтийн биеийн тамирыг онцолж байгаа хэрэг юм. Дээрээс нь Дорнод аймгийн хувьд хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, спорт заал тун хомс байгаа. Энэ чиглэлд анхаарч ажиллах болно.

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Ундармаа:Та бүхнийхээ амьдралд хэрэгжиж бодитой хэрэгжихүйц чухал асуудлуудыг хөндсөн мөрийн хөтөлбөрийг бид дэвшүүлсэн. Түүний нэг нь шинэ цагийн чадварлаг хүмүүсийг бий болгох юм. Бүгдээрээ нийгмээ өөрчлөхийн төлөө хамтдаа урагшилцгаая. 

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Заягэгээ: Бид “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” уриатай байгаа. "Үндэсний Эвсэл” хувийн хэвшил, боловсролын асуудлуудад чиглэсэн томоохон бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Та бүхнийгээ энэ удаагийн сонгуульдаа маш хариуцлагатай оролцоосой гэж хүсэж байна. Эвслийн гишүүдээ багаар нь дэмжээрэй.