...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 31

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хохирлоо, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хайр” нэхэмжлэх Ерөнхий сайд Н.Учралын шинэ замнал

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хохирлоо, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хайр” нэхэмжлэх Ерөнхий сайд Н.Учралын шинэ замнал

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тамга гардлаа. Идэр 40 насны босгонд Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдоно, томилогдоно гэдэг аз хийгээд хариуцлага. Гэхдээ МАН-ын зөрчилдөгч олон талуудын гартаа барьсан хайч, гал, чулуу, хөрөө, медиа бүхий зэвсэглэлийн өөдөөс сөрж зогсох, зөрж босох тэнхээтэй эсэхэд өнөөдөртөө хариулахад бэрх. Мөн “МАН-ын Бага хурлын гишүүд эвлэр” гэлээ гээд эвлэрчихдэг эвлэрэл ч гэж үгүй. Иймд дэлхий ертөнцийн дайны нөхцөл байдалтай зэрэгцэж сэдэрсэн дотоодын зөрчил тэмцэл Ерөнхий сайд Н.Учралын хувьд эн тэргүүний амаргүй алба байх нь тодорхой.

Н.Учралд нэг л илүү юм бий. Тэр нь үхлийг сөрсөн сэтгэл зүй

УИХ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн фракц түүнээс өнгөрсөн зургаан сарын хугацааны улс төрийн алдагдал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Өнөөдрийг хүртэл бүх нөөц боломжоороо угжиж, дэмжиж, өмгөөлж, хамгаалж, бараг л өвөртлөн бөөцийлж ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүлэг улс төрийн эрх мэдлээ хэвээр үлдээхийг тулгана. Шууд утгаараа “Аав чинь байна” гэж загнахгүй ч төдийгөөс өдий хүргэсэн “хайр”-ынхаа хариуг харамгүй нэхэх нь тодорхой. Өөрийнх нь харьяалагддаг фракц учраас нэгдмэл ашиг сонирхол байж болох ч дөнгөж 40 наснаас эхэлж байгаа эрх баригч намын даргын амбиц, ирээдүйн хүсэл зорилго нь ямагт нэг хүний, нэг хэсгийн буулган дор оршоохгүй л болов уу. Учир нь, Н.Учралд толгойгоо бүрэн өргөх хүсэл ч, зорилго ч бий. Тэр үүний төлөө үхлийн ирмэгээс өндийгөөгүй ч үхлийг сөрсөн сэтгэл зүйн тэнхээ нь түүнийг их удаан хүний хүнээр үлдээх нь юу л бол. Амьдрал баян. Хоёр сугандаа өсгөж өндийлгөсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт “зодуулсан” шарх нь аниагүй байгаа. Ерөөсөө жил гаруйн дараа цуцлагдах бүрэн эрх дээр нь давж үрж, улс орон даяар гутамшигт хутгасан тэдний зарлалын үгс өнө хождоо ч мартагдах нь юу л бол. Энэ бол урт гартай, тэр дундаа урт холын хүсэлтэй, замд тохиосон саад болгоноо давж, өмнө нь тодорсон аавын цээж бүрийг намнаж өнөөдөрт хүрсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд амар анигдах шарх биш. Тиймээс ч Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд өнөөдөртөө итгэж болох ч ард нь анхааруулга, сануулга ямагт далдын хар малгай өмсчихөөд дагалдах нь дамжиггүй. Ийм нөхцөлд Н.Учрал ирээдүйд хэн байх вэ, хэн болох вэ гэдгээ дахин сонгоно гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд болсон ч маргааш... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг хар. “Монголын сонгогчдын МАН-д гэхээс илүү миний зорилгыг дэмжиж саналаа өгсөн нь олонх байх шүү. Би болдоггүй юм бол улс орноо дахин тойроод, гудамжинд гарчихна шүү” гэж айлгаад л улсыг, улс төрийг, багадаа МАН-ыг самарчихаж байна. Үүн дээр үхэж үзсэн сэтгэл зүйг нэмээд бод... Хүний, тэр дундаа улстөрчийн дотор хүнийг та бид тааж мэдэхгүй билээ.

УИХ-ын даргын хувиар тэрбээр “Ерөнхий сайд чинь байна” гэж удаан хашгирсангүй

Тэрбээр МАН-ын дарга болохтой зэрэгцээд Ерөнхий сайд болох нь цаг хугацааны л асуудал байсан. Хувь улстөрчийнх нь хүсэл ч тийм л байсан. Энэхүү хүслийнхээ төлөө тэрбээр удаан хашгирсангүй. Гагцхүү УИХ-ын даргын алба хашсан зургаан сарын хугацаандаа УИХ-ын даргын индэр дээрээс Ерөнхий сайдын үүргийг дам гүйцэтгэж, хувь улстөрчийнхөө үзэл санааны пиар самбар болгон ашиглаж чадсан. “Чөлөөлье” гэдэг уриалгыг чөлөө завгүй хоногшуулсан. Хуулийн шинэчлэлээр хэмээн тодотгосон нь түрхэн зуурын зорилго байсан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүний ачааг үүрэх бэлтгэлээ УИХ-ын даргын албан тушаалаар бүрэн хангасан гэдэгтэй өөрөө ч мэтгэлцэж дөнгөхгүй л болов уу. Энэ тухай нь өчигдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн чуулган дээр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Н.Учрал буруу суудал, буруу микрофоноор олон зөв зүйлийг ярьсан. Одоо өөрийнхөө ярьдаг “чөлөөлөх” ажлыг гардан хийх зөв суудал дээрээ очих гэж байна. Төрийн гар харалгүй зүтгэж ажлын байр бий болгож, татвар төлж, зүтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн ачааг чөлөөлөх ажлыг хийхийг хүсье” хэмээн хэлсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын хувьд холын хүсэл, ойрын зорилго хоёроо эвсүүлж, атгах нь цаг хугацааны л асуудал байсан нь энэ үгнээс ил тод харагдах биз ээ.

Ерөнхий сайдын хувиар хэлсэн анхны үгэнд нь анализ хийхэд...

Үд дунд эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдаан од тоолоход өндөрлөж, УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайд болов. УИХ-ын хоймор зэрэгцүүлж зассан гурван суудлын нэгээс нь нөгөө рүү нь шилжиж суусан энэ хувь заяа олон улстөрчийнх биш. Мөн орой үдэш гэлтгүй Ерөнхий сайдын алба ээлжээ хүлээж, үүрэг хариуцлага чихэнд нь, тархинд нь хэдийнэ хонх зүүсэн нь дамжиггүй. Тэр хонхны чимээ баярын гэхээс илүү “Дэлхий ертөнцийн дайны нөхцөл байдалд, Монгол Улсын толгой улстөрчдийн дотоодын зөрчилд Чи хэрхэх вэ” гэдэг эмзэг хатуу асуултаар эхэлсэн нь үнэний ортой. Зүйрлэл, дүрслэл уншигч Танд утга уянгын мэт санагдаж болох ч учир начир нь ердөө л энэ. Энэ тухай Ерөнхий сайд Н.Учрал ч өөрийн үгэнд онцлон дурдсан бөгөөд нэн тэргүүнд хэрэгжүүлэх амины гурван зорилгоо зарласан нь нэгд, Ойрхи Дорнодод дэгдсэн дайны улмаас шатахууны үнэ болон хангамжийн асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрс зэсийн үнээс хамааралтай Монгол Улсын эмзэг эдийн засгийг тэлэх, гуравт, нэг нь ялж, нэг нь унах улс төрийн тэмцлийг зогсоож, сөрөн тэсвэрлэх чадварыг эв нэгдлээр хангах тухай. Үүний тулд эдийн засаг, эрх зүйн дүрэм журам, ногоон хөгжил, авлигын гэх дөрвөн чөлөөлөлтийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээ урьдчилсан байдлаар танилцуулсан. Мөн арга барилын хувьд эргэх холбоотой, иргэндээ ойрхон, энгийн даруу ажиллана гэснийг Ерөнхий сайд Н.Учралын чихэнд өглөө, өдөр, орой болгон уях гол ялгарал байсан бөгөөд даруудаа үнэнч байгаарай гэж хүсье. Даам гарахад дагаад ноён суудаг улстөрчдийн араншинд удаан хугацаандаа Монголоо холгосоор 35 дахь Ерөнхий сайдын шинэ түүхийг эхлүүлж буй ард түмний нэгэн төлөөллийн хувиар... Г.ОТГОНЖАРГАЛ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!