Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Туркменистаны парламентын бүлэг, Туркменистан Улсын Межлис дэх Туркменистан-Монголын парламентын бүлгийн цахим уулзалт болов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркменистаны парламентын бүлгийн дарга М.Ганхүлэг өнөөдөр (2026.03.30) бүлгийн гишүүдийн хамт Туркменистан Улсын Межлис дахь Туркменистан-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг бүлгийн гишүүдийг танилцуулаад тэртээ 1992 оноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон талт хэлбэрээр өргөжин тэлж байгааг онцоллоо. Түүнчлэн төрийн тэргүүн нарын харилцан айлчлалуудын үр дүнд манай хоёр улсын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээ эрчимжиж байгааг тодотгов.
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов өнгөрсөн оны 06 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр худалдаа, эдийн засаг, анагаах ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын 14 баримт, бичгийг үзэглэснийг дурдлаа. Эдгээрийг бодит ажил хэрэг болгоход парламентын бүлэг болон Байнгын хороо хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал хувь нэмэртэйг тодотгов. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Монгол Улс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тэмдэглээд хоёр улсын нөөц бололцоонд тулгуурлан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгуудаас онцоллоо.
Мөн залуучууд, эмэгтэйчүүд, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлж, хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар санал солилцсон юм. Туркменистаны Межлис нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлдэг төлөөллийн байгууллага бөгөөд таван жилийн хугацаатай, тойргоос сонгогддог 125 гишүүнтэй аж. Нийт гишүүдийн 26 хувийг эмэгтэйчүүдийг эзэлдэг байна. Уулзалтын төгсгөлд талууд парламентын бүлэг хоорондын уулзалт, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркменистаны парламентын бүлгийн гишүүн С.Лүндэг, Л.Соронзонболд нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
