Улс төр

ADMIN
06 сарын 11
06 / 11

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн VI тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, Чингис хотод нээлтээ хийлээ. Зүүн бүсийн VI тойрог долоон мандаттай. Тус тойрогт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын багт Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлэв. Тэрбээр энэ жил дэлхийн 60 гаруй улсад улс төрийн сонгууль болно. Энэ бол дэлхийн геополитикт аль улс хүчтэй байх тухай сонголт. Тийм учраас улс төрийн намуудтай зөвшилцөн, Үндсэн хуулийн холимог тогтолцоонд шилжиж, төлөөллийн тоог нэмэгдүүлсэн нь ч олон улсын геополитикийн шуурганд тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж үлдэх үндэсний эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байсныг дурдлаа. Мөн энэ цаг үе бол өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, Шинэ сэргэлтийн реформ юм. Реформ бол хувьсгал биш. Реформ нь гаргасан алдааныхаа учир шалтгааныг олж засах, дахин зөв хэлбэршүүлэх, хоёрдмол байдлаас гарч чадах шинэчлэл юм. Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн мөрөөдлийг хулгайлж, урмыг хугалж, итгэлийг эвдэж, Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйл бол авлига. Системийн авлигын эсрэг тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд энэ сонгуульд Монгол ардын нам заавал ялах ёстой” гэв. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцийг ирэх дөрвөн жилд МАН хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зүүн бүс нутагт сумдыг холбосон автозам, дэд бүтэц, театр, сургууль, цэцэрлэгийн барилга, чуулга, музейн хөрөнгө оруулалтууд энэхүү концепцын хүрээнд хийгдсэн. Түүхэн аялал жуулчлал бол гадаадын жуулчдыг татах, эдийн засгаа тэлэх соронзон орон. Тийм ч учраас Зүүн бүсэд энэхүү концепцыг амжилттай хэрэгжүүлж чадах хүмүүсийг сонгож багаа бүрдүүлсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог нь улс орон, бүс нутгуудаа илүү томоор тусгаж, иж бүрнээр нь төлөвлөн, шинжлэх ухаанч шийдэлд үндэслэж хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлнэ. Тиймээс бүтэн багаар нь дэмжиж, түүхэн сонголт хийснээр Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болж, наран ургах зүгийн Сэцэн ханчууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо. Хэнтий аймгийн иргэд, сонсогчид Монгол Ардын нам өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн, аймаг орон нутагт олон бүтээн байгуулалт хийсэн, намын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 30 жил нийгэмд бугшсан олон асуудалд шүгэл үлээж, манлайлан ажиллаж байгаа тул Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.