Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ

Тэрбээр улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Мөн оюутнуудыг өндөр ур чадвар эзэмшин, үндэсний хэмжээний мега төсөл, хөтөлбөр, түүний дотор “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын 4-р аян” зэрэгт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, сурлагын амжилт хүслээ.
Мөн энэ жил “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөн”-ийг ивээл дороо зохион байгуулахаар төлөвлөснөө хэллээ.
“Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” Морин хуур урлаач бэлтгэж эхэлжээ
60 жилийн түүхтэй “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн, үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм.
Үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг. 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай.
“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ хичээлийн жилд “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” буюу Морин хуур урлаачийн анги нээсэн байна.
250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө шатлан сургадаг юм байна.
“Монгол-Солонгосын политехник коллеж” төгсөгчид “Цагаан алт” хөтөлбөрт хувь нэмрээ оруулна
Коллеж 60 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 40 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргаад байна.
2025-2026 оны хичээлийн жилд 141 багш, ажилтантай, 1,900 суралцагчийн 50 орчим хувь нь хөдөө орон нутгийнх юм.
Хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, үйлчилгээний салбарын ажилтан бэлтгэдэг.
Түүний дотор Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, эсгий боловсруулах, ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн технологи, сүлжих машины оператор, арьс, үслэг эдлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг мэргэжлээр залуусыг сургаж байна.
Тухайлбал 1,900 орчим суралцагчийн 38 хувь нь буюу 719 нь ээрэх, нэхэх, сүлжих, ноос, арьс шир боловсруулах мэргэжлээр суралцдаг. Мөн “Хосмог сургалт”-ыг ноос, эсгий боловсруулалт мэргэжлээр 35 хүнийг бэлтгэж байна.
Сургууль 140 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, 100 хувь ажлын байраар хангадаг юм. Улсын хэмжээнд 70 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж сургалт явуулдаг. Жилд 20 мянга гаруй хүн төгсдөг бөгөөд нийт төгсөгчийн 65 хувь хөдөлмөр эрхэлж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!




















