...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 27

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.27/ хуралдаан 19.44 цагт Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулав.

Тэрбээр, Дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй хэмээлээ. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна хэмээв.

Энэхүү хүсэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.

Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно" гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Гомбожавын Занданшатарыг томилох нь зүйтэй гэж үзсэн.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!