...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
3-р сар 18

Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. 

Сургалтын нээлтэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд оролцож, хорооны түвшинд иргэн төвтэй хөгжлийн хандлагыг төлөвшүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ нийслэлийн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, хотын хөгжлийн чиг хандлага, төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах арга зам, захиргааны шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, найруулга зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй, үйлчилгээний стандарт, судалгааны арга зүй, цагийн менежмент, хүний эрх, жендерийн тэгш байдал, мөн хиймэл оюуныг албан хэрэгцээнд ашиглах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож буй.

Түүнчлэн оролцогчид хорооны түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит арга замын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ сайн туршлагаа хуваалцан, бие биеэсээ харилцан суралцаж, бодит жишээнд тулгуурласан мэдлэг, практик ур чадвараа нэмэгдүүлж буйгаараа онцлогтой.  

Энэхүү сургалтыг салбар бүрийн мэдлэг, туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байна. Тухайлбал "Монгол Улсын хөгжлийн бодлого болон хотын хөгжлийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ТЗУГ-ын дарга Ү.Ганболд, "Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах нь" сэдэвт сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа болон нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, "Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ" сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа нар тус тус удирдан явуулж байгаа бөгөөд сургагч багш нар нь бодит кейс, арга зүйн туршлагаа хуваалцан, оролцогчдод ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой мэдлэг, ур чадварыг олгож байна.

204 хорооны зохион байгуулагчдад зориулсан уг сургалт 2026 оны гуравдугаар сарын 18–19, 25–26, дөрөвдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд гурван ээлжээр Засаг захиргааны V байранд байрлах нийслэлийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд явагдах бөгөөд хоёр өдрийн хичээлийг бүрэн дүүрэн дуусгасан, ирцийн шаардлага хангасан оролцогчдод сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ олгох ба "Шилдэг 10 оролцогч" шалгаруулна.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!