...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 16

СҮХ далайтал үхэр мэт амгалан байж болохгүй, ГИШҮҮД ЭЭ!

СҮХ далайтал үхэр мэт амгалан байж болохгүй, ГИШҮҮД ЭЭ!

Ардчилсан Ерөнхийлөгчийн суудал бүх цаг үедээ ардчилсан дарангуйлагчийг түрүүлж ирсэн алдаа дахин давтагдлаа. Монголын төр оршиж байна хэмээн итгэж буй дор ахан дүүгийн ёсоор төрийн бодлого тодорхойлж, хонгилын түлхүүрийг нэг дүүгээсээ нөгөө дүү рүүгээ шилжүүлэх уламжлалт бус дэг тогтоов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын урьдчилж зарласан халуухан хаврын тухай хүлээлт эрчмийг авч, насанд хүрэгчдийн кино үзэх мэт хөлөрсөн олны хүлээлт өндрийг авав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барьж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүдийг А, Б-гүй загнав. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ удаан хүлээлгийн эцэст телевизийн дэлгэц эзэлж, таван цаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шүүмжлэхээс илүү гөжүүд зөрүүд, үг авдаггүй ахдаа гомдоллож үзүүлэв. Ард олны амьдрал, цас зудны нөхцөл байдал, дэлхийн улс орныг хэрсэн дайны нөлөө, Монгол Улсын хөгжлийн бодлого… Одоогийн байдлаар хаврын халууралд эдгээр амаргүй сэдвийн аль нь ч цухас дурдагдсангүй. Гагцхүү улс төрийн бодлого, улс төрийн хов жив ярихдаа ч, бичихдээ ч Ерөнхийлөгч гэсэн төрийн статус гэхээс хувь хүнд тулгуурласан сүр бараатай бие нөлөөний тухай өгүүлдэг боллоо. Энэ нь хүч нөлөөгөөрөө үе үеийн Ерөнхийлөгч нараас хувь илүү бөгөөд хувь хүнийх нь гойд онцлогт тулгуурласан пиар, сайрхал эрчмийг авч байна. Улмаар Ерөнхийлөгч тэгж хэлжээ, Ерөнхийлөгч юу гэх бол, Ерөнхийлөгч л шийднэ… гэсэн дам сураг, дам хүлээлтэд тулгуурласан Ерөнхийлөгчийн улс төр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр үргэлжилж, УИХ-ыг ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй, даруу төлөв болгох гэгээн төсөөлөл бүтээж эхлэв.

Ард түмэн дандаа талцал хуваагдал дунд тал тохой харж жагсана, таллаж хуваагдана гэж байхгүй…

Хууль бол нийгмийн шударга ёсны харилцааны хэм хэмжүүр. Хулгай хийж болохгүй. Хулгай хийвэл чи шийтгэл хүлээнэ… Ингээд л болоо. Энэ дүрмийг улс төр, эдийн засаг, нийгэм, бизнес, гэр бүл, хувь хүн хоорондын харилцаа зэрэгт хувирган өөрчилж, нэг санаа зорилго дор боловсруулсан баталсан эрх зүйн баримт бичиг. Үүнийг УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын зэрэг давуу сул талаар тайлбарлах боломжгүй бөгөөд тэд Их тэнгэрт нэг дор амьдарч болох ч нэг нэгнийхээ эрх, үүрэг рүү халдаж болохгүй. Нэгэнт “Парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс” хэмээн Үндсэн хуулиараа тунхагласан цагт Ерөнхийлөгч Ерөнхийлөгчөөрөө, Ерөнхий сайд Ерөнхий сайдаараа л ажиллах ёстой. УИХ-ын дотоодоос буюу 126 гишүүний хэн нэг нь, парламентад суудалтай нам эвслийн аль нэг нь санаачлах ёстой, дотоод санаачлагаараа өрнөх учиртай. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай саналыг Үндсэн хуулиар хязгаарлагдсан дутуу эрх мэдэлтэй Ерөнхийлөгч хэрхэвч санаачилж болохгүй. Энэ тухай Үндсэн хууль болон УИХ-ын тухай, Ерөнхийлөгчийн тухай хуулиас улс төр судлаачид, улстөрчид олонтаа тайлбарлаж буй тул ишлэх нь илүүц. Харин бодит амьдрал, практик талаас нь 2025 оны зургадугаар сарын 3-ны өдрийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулсан чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, “Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол миний дүү. Би дүү нартаа ах хүний хувиар ч, дарга хүний хувиар ч хулгай битгий хийгээрэй, худлаа битгий хэлээрэй гэж захиж ирсэн. Өнөөдөр ч би хайртай байгаа” хэмээн хэлснийг бодох хэрэгтэй. Тухайн үед Д.Амарбаясгалан УИХ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан. Тэд хувь хүн гэхээс илүү төрийн институтын удирдлага байсан. Харин Ерөнхийлөгчийн хандах хандлага нь ах дүүгийн барилдлага. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагадаа өгүүлж байгаа гомдол нь ч адилхан. Ийм харилцаанаас эхтэй Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцвэл хуулийн хэлээрээ ч, хүний хэлээрээ ч уналтад орно. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүйгээ дам утгаараа зарлаж, Үндсэн хуулийн зөрчилд орно. Асуудал даамжирвал УИХ тарах ч эрсдэлтэй. Ард иргэд дандаа талцал хуваагдал дунд тал тохой харж жагсана, таллаж хуваагдана гэж байхгүй…

Ер нь бол УИХ-д 126 хулгайч ч сууж болно. Гэхдээ…

Энэ удаагийн УИХ анх удаа муу муухай нөхдөөс бүрдчихээд байгаа юм биш. УИХ-ын гишүүн гэхээр бусдаас өндөр ёс зүйтэй байна гэсэн хууль дүрэм ч хэрэгждэг юм биш. Ер нь бол муугаар бодоход УИХ-д 126 хулгайч ч сууж болно. Харин тэдгээрийг дахин сонгохгүй байх, эгүүлэн татах, өөрсдийн хүсэлтээр хулгайч биш гэдгээ нотлох эрх нь УИХ-д л дан ганц олгогдсон эрх. Энэ үндэслэлээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан шалгуулж байсан. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Д.Гантулга,Б.Батзориг, Б.Ундармаа нарын гишүүдийг Улсын Ерөнхий прокурорын газрын саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөлж, хууль хяналтын байгууллага шалгаж зохих ял шийтгэлийг нь оноосон. Одоогийн парламентаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Болормаа, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Н.Алтанхуяг, Д.Амарбаясгалан, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурорын газраас оруулж ирэх асуудал яригдаад удсан. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахын тухайд УИХ-ын гишүүн, Иргэний зориг-Ногоон намын дарга Б.Батбаатар хуулийн төсөл боловсруулж буйгаа танилцуулсан. Тус намын УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн ч мөн ижил агуулгатай хуулийн төсөл хэлэлцүүлэхээ зарласан. Энэ бол УИХ-ын тухай хууль болон Үндсэн хуулийн хүрээнд хэрэгжиж буй хууль ёсны санаачлага. Үндсэн чиг шугам, гольдролоороо явж болох боломжтой ийм эрх зүйн шинэчлэл рүү хууль ёсны эрх мэдэл нь хүрэхгүй Ерөнхийлөгч хүч түрж “Хурлаа тасалдаг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг чөлөөлнө. Ёс зүйгүй хүн УИХ-ын гишүүн байх эрхгүй. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн байх эсэхийг шийднэ” гэсэн заалтаар УИХ-ыг “зодож” болохгүйд л асуудал нь байгаа юм. Бүр дан ганц Ерөнхийлөгчийн албан тушаалаараа бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг татан оролцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалаар УИХ-ын гишүүдийн ёс зүйг шүүлгэнэ гэдэг бол товчхондоо дарангуйлал.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр туйлын үнэн гэж болохуйц ганц зөв үг хэлсэн нь “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зохион байгуулагч хүн УИХ-ын гишүүдийг загнаж болохгүй” гэдэг ишлэл. Гэхдээ энэ үгээ А.Бямбажаргалыг доош нь хийх гэж бус харин болгоомжлуулж хэлсэн бол илүү оновчтой болох байсан. “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг татан оролцуулах сонирхлоо илэрхийллээ” хэмээгээд шууд утгаараа “Сүх далайтал үхэр мэт амгалан байж болохгүй, гишүүд ээ” гэдэг ч юмуу… Товчхондоо, яаж ч дордлоо гэсэн бөөр нь бөгсөнд, цэр нь цээжинд үлдэх нигуурыг санацгаая.

Г.ОТГОНЖАРГАЛ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!