...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
3-р сар 10

Б.Цолмон: Ажлаасаа шантарч байгаагүй харин ч ажлаараа бахархдаг

Б.Цолмон: Ажлаасаа шантарч байгаагүй харин ч ажлаараа бахархдаг

“Би хийж байгаа ажлаараа бахархдаг” хэмээн ярих энэ бүсгүйг Бадамын Цолмон гэдэг. Тэрээр Тавантолгой түлш ХХК-ийн Түлшний үйлдвэрийн 2-р цехэд Савлагааны машинчаар ажилладаг.

Тэрбээр, Хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд 2019 оноос тус компани байгуулагдсан цагаас эхлэн тогоочоор нэг жил гаруй ажиллаж байгаад 2020 оны сүүлээс Зүүн үйлдвэрт хэвлэгч, цавууны машинист, шуудай цоологч зэрэг ажлуудыг хийж байжээ. 2021 оноос савлагааны машинчаар ажиллаж байгаа юм.

Б.Цолмон бидэнд хийж буй ажлаа танилцуулахдаа, “Миний ажил бол шахмал түлшийг стандартын дагуу 25 кг-аар савлаж, бүтээгдэхүүний жинг бариулах. Бидний үйлдвэрлэж байгаа түлш Улаанбаатар хотын олон мянган гэр хорооллын айл өрхийн галыг таслахгүй, дулаан байлгахад хувь нэмэр оруулж байна гэж бодохоор баяртай байдаг. Агаарын бохирдол ч  харьцангуй буурсан гэж боддог. Энэ өвөл өмнөх жилүүдтэй харьцуулахад агаар сайхан байгаа шүү дээ.

Энэ ажлыг хийхэд хүндрэлтэй зүйл байлүй яах вэ. Эмэгтэй хүн өвлийн -40 хэмийн хүйтэнд гадаа ажиллана гэдэг амаргүй. Гэхдээ бүгдээрээ чадна, ажиллана гээд л зүтгэж байгаа болохоор шалтаг тоочоод байдаггүй.

Манай үйлдвэрт 20 гаруй эмэгтэй ажилтан ажиллаж байна. Бүгд л мундаг. -40 хэмийн хүйтэнд үйлдэрийн шугам дээрээ зогсоод энэ өвлийг хамтдаа давлаа. Ер нь манайд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бүгд хичээл зүтгэлтэй сайн ажиллалаа.

Энэ өвөл маш хүйтэн байлаа. Гурав, дөрвөн есийн үеэр -40 хэм давж хүйтэрсэн өдрүүдэд шугам дээр зогсоод ажиллахад хүнд байсан. Гэхдээ бид ажлаас шантраагүй ээ. Хүйтнээс л жаахан айсан.

Манай компани энэ жил ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, эсгий гутал, дулаан хувцас хэрэгслээр хангаж өгсөн нь өвлийн хүйтнийг давахад их дэм болсон.

Гадаа хүйтэнд ажиллах хэцүү ч сайхан хамт олонтой, олон сайхан залуучуудтай хамт ажиллаад энэ өвлийг амжилттай давлаа.

Ажилтан нэг бүрийн ард гэр бүл, үр хүүхэд гээд олон хүн байдаг шүү дээ. Тийм болохоор бид бүгд ар гэрийнхээ төлөө хичээн ажиллаж байна. Ах, эгч, дүү, үе тэнгийн олон сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байдаг” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!