Улаанбаатар

ADMIN
06 сарын 08
06 / 08

Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

“Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны бүтээн байгуулалт эхэлж байна" гэв.

Баянхошуу дэд төвд 2023-2025 онуудад 336 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Төслийн дараагийн ээлжийн 150 айлын ногоон орон сууц нь Баянхошуу дэд төвийн 1.1 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Хөх Бүрдний Эх” ХХК болон “Таван-Орд” ХХК-иуд шалгарсан юм. Тус 150 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөжээ.