Багануурын батарей хуримтлуурын станц, Бөөрөлжүүт баригдсан тулдаа...

Жилийн дөрвөн улиралтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өвлийн тэсгим хүйтэнд гэрэл, дулааны нэгдсэн хязгаарлалтад хамрагдаж, эрчим хүчний хомсдлоос үүдэлтэй тоймгүй олон бэрхшээлд ээрэгдэж өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ зуур цаасан дээр олонтаа баригдаж, олонтаа засагдаж, бүр авлигачдыг хүртэл “тэжээгээд” амжсан Тавантолгойн цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, V цахилгаан станцын үл бүтэх гунигт түүхийн учир шалтгааныг нэг нэгэн рүүгээ шидэж, өнгөрсөн түүхийн алдаанаас эзэн холбогдогч хайн, нийгмийн шүүх рүү шидэх нь ч олшров. Арга ч үгүй. Тавантолгойн цахилгаан станцын тендер зарлана, зарлачихлаа, сонгон шалгаруулалтаа эцэслэнэ, Багануурын цахилгаан станцын суурийг ухлаа, болилоо, V цахилгаан станцыг Багануурт барина, Налайхад барина, бүр болиод III цахилгаан станцын хашаанд өргөтгөл байдлаар шийдэхээр боллоо гэсэн мэдээ мэдээллийг олонтаа бичсээр үлгэр домгийн төсөөлөл мэт санагдах болсон нь үнэн. Харин ч бүр эрчим хүчний салбар бүхэлдээ буюу инженер техникийн ажилтан, бүр техник тоног төхөөрөмж нь хүртэл тэсэн тэвчиж өнөөдөрт хүрсэнд алга хавсран талархал илэрхийлүүштэй. Тиймээс ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн анх удаа “Аргална даа” гэсэн үгнээсээ буцаж “Аргалаад ч явахгүй боллоо” хэмээн эцсийн мөчид үнэнийг өчив. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс ч асуудлыг шийдэх нэг сарын албан даалгавар өгч, амыг нь асууж, халах солих эсэхээ шийдэхээ олон нийтэд зарлалаа. Мөн энэ үеэрээ тэрбээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай хамтарч, V цахилгаан станцын барилгын ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг сануулсан. V цахилгаан станцын тухайд олон жил яригдаж, олон ч газарт “буурь сэлгэсэн” ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ны өдөр станцыг барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад ялалт байгуулсан “Митайм Интернэйшнл” компанийн ерөнхий захирал Тиан Хао Минтай гарын үсэг зурж, 2028 онд барьж ашиглалтад оруулахаа зарласан. Түүнчлэн тухайн үед тэрбээр “Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1990 оноос ярьж эхэлсэн. Олон хүчин зүйлээс шалтгаалж өнөөг хүртэл баригдаагүй байна. Миний бие 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Ажилд томилогдох үед нийслэлд тулгамдсан гол асуудлуудын нэг нь эрчим хүч байсан. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй уялдан дунджаар 14 хувиар нэмэгдэж байна. Иймд нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 200 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлт хийхэд, 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Мөн Олон улсын санхүүгийн корпориациас нийслэлийн эрчим хүчний салбарт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг богино хугацаанд барьсан нь бахдам амжилт болсон. Ийнхүү нийслэл хот маань хүнд цаг үед Монгол Улсынхаа эрчим хүчний салбарын ачааллыг хуваалцаж байна” хэмээсэн.
Түүний ийн хэлсэнчлэн III, IV дулааны цахилгаан станцуудад зэрэг зэрэг эвдрэл гарч, нийслэл Улаанбаатар хот бүхэлдээ эрчим хүчний хязгаарлалтад ороод буй энэ үед “Багануур” дэд станцыг түшиглэн байгуулсан 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагаа бодитой дэмжлэг болж буй талаар Эрчим хүчний яам удаа дараа мэдэгдэж, Ерөнхий сайд Г.Занданшатар ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллах үеэрээ танилцсан. Энэ нь цаашид нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах эрчим хүчний бүтээн байгуулалтыг дэмжих шалтгаан бөгөөд хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төслийг хэрэгжүүлнэ. ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих бэлтгэл ажлыг хангаж байна. Үндсэндээ ирэх онд цахилгаан болон хийн шилжилтийг нийслэлд хийнэ” гэдгээ зарласан байгаа.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан, баригдаж байгаа, баригдах эрчим хүчний эх үүсвэрийг илүү олон болгох цаашлаад хот эрчим хүчний асуудлаа бие даан хариуцах асуудал яригдаж мэдэх бололтой ю. Монгол Улсын зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо “Тавдугаар дулааны цахилгаан станц дээр дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан манай шилдэг инженерүүд ажиллаж байгаа юм байна лээ. Тэр хүмүүс ажиллаж байгаа цагт ашиглалтад орчихно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн Ийгл телевизийн “Дундын бүс” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолно билээ. Ямартай ч энэ удаад яах аргагүй Багануурын батарей хуримтлуурын станц, Бөөрөлжүүт баригдсан тулдаа хот асаж унтардаг ч болсон тогтойгоо давж буй нь маргаангүй биз ээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
