Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох иргэдийн тоо нэмэгдэж, зөрчлийн тоо багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн.
Ухаалаг камерууд суурилуулж, камерын хяналтын төвүүд байгуулснаар өгөгдөлд суурилсан дүгнэлт хийж, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы асалтын хугацаа болон горимыг зорчилт хөдөлгөөнд нийцүүлэн тохируулдаг болсон. Тодруулбал, бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрэл дохионуудыг зөв тохируулж, гэрэл дохио удирдах тоог 50 хувиар бууруулсан. Ингэснээр нэг албан хаагчид ноогдох ачааллыг бууруулж, замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа багассан.
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд шинэ системээр зөрчил илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг хүргүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, шинэ системээр илрүүлсэн зөрчлийн тоо 16,300-аар буурсан бөгөөд уулзварын нэвтрүүлэх чадварыг 13 хувиар нэмэгдүүлээд байна.
Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрэл дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан. Өнөөдөр 93 уулзварын гэрэл дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирдан ажиллаж байна. Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгуулсан.
Зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсноор хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. 2025 онд 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүтерийг зорчих хэсгээс чөлөөлж ажилласан байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
