“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. Энэ үеэр нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга Д.Ундармаа болон ЖДҮ эрхлэгчдээс тодрууллаа.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга Д.Ундармаа “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд худалдан авагчдад үйлдвэрийн үнийг санал болгож байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд зохион байгуулагдаж байна. Дүүргүүд мөн өөрсдийн онцлогт тохируулан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил бизнес эрхлэгчид тус худалдаанд оролцон 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Нийслэлчүүдийг үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Г.Тунгалаг “Сар шинийн үзэсгэлэн худалдаанд монгол ахуй, соёлыг харуулсан гар урлалын бүтээгдэхүүнээрээ хоёр дахь удаагаа оролцож байна. Монгол бэлгэдлийг агуулсан тоглоом, гар урлалын зүйлсийг хүмүүс их сонирхдог” гэв.

“Дуут урлан”-гийн үүсгэн байгуулагч, дархан Д.Баярхуяг “Тус үзэсгэлэн худалдаанд анх эхэлсэн цагаас нь хойш амжилттай оролцож байна. Манай урлаачид үзэсгэлэн худалдааг их хүлээж оролцдог. Зорьж ирдэг худалдан авагчидтай болсон. Энэ бол бүтээгч, үйлдвэрлэгч, урлаачдын нэгдэл гэж ойлгодог. Бид энэ жил шинэ загварын шатар болон бэлэг дурсгалын зүйлсээрээ оролцож байна. Худалдан авагчид сар шинийн бэлтгэлээ “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанаас бэлддэг болж байгаад баяртай байдаг. Бид зориод ирдэг худалдан авагчдаа баярлуулахын тулд шинэ, чанартай бүтээлтэй уулзахыг зорин бэлтгэлээ ханган ажилладаг” гэв.

“Үжин бренд”-ийг үүсгэн байгуулагч С.Саран “Энэ жилийн өргөтгөсөн худалдаанд эсгий эдлэл, уран зураг болон оёдолгүй, байгалийн өнгөөр нь гаргасан ноос, ноолууран бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Үндэсний хээ, уран бичлэгтэй гоёлын ороолт, дээл хувцас мөн худалдаалж байна” гэлээ.




Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
