Аливаа салбар аль нэг нутгийн удирдлагын хөгжлийн асуудлыг Улаанбаатарт, эсвэл аймгийн төвүүдэд хэлэлцдэг, хуралддаг, чуулдаг жишигтэй. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд өнгөрсөн хавар бүсүүдэд буюу УИХ-ын сонгуулийн шинэчилсэн тойрогт хөгжлийн форум зохион байгуулагдсан. Тэгвэл нутгийн удирдлагын анхан шатны нэгж дээр “Тосонцэнгэл сумын хөгжлийн гарц-2024” форум болжээ. Нэгэн цагт хотын статустай байсан, аймгийн төвөөсөө ч олон хүн амтай Тосонцэнгэл сумын хөгжил, төлөвлөлтийг хэлэлцэхээр санаачлан зохион байгуулсан Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Уужимсанаатай ярилцлаа.
-Нийтлэг жишгээр бол эдийн засаг, хөгжлийн асуудлыг гол төлөв нийслэл, аймгийн төв гээд томоохон төвлөрсөн газар хэлэлцдэг. Сумын хөгжлийн форум гэхээр сонирхолтой санагдаж байна. Сумын анхдагч форумын бодлого, зорилго юу байв?
-Тосонцэнгэл сум бол анх байгуулагдсан түүх, хөгжлийн түүх, хүн амын тоо, зах зээлийн өсөлт гээд бүх л үзүүлэлтээрээ хөгжлийн шинэ түвшин ярихаас аргагүй хэмжээнд хүрчихсэн, Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн гол тулгуур сум. Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг мөн УИХ-ээр хэлэлцэж байна. Энэ түүхэн цаг хугацаанд “Тосонцэнгэл сумын хөгжлийн гарц-2024” форум зохион байгуулагдсанаараа чухал ач холбогдолтой.
Тосонцэнгэл сум 10 гаруй мянган хүн амтай. Ойрын жилүүдэд хүн амын тоог 15 мянгад хүргэж, хот болгон өргөжүүлэх бодлого болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний алсын харааг форумаар хөндөн хэлэлцлээ. Мөн Тосонцэнгэлд баригдаж буй 18МВт хүчин чадалтай ДЦС-ын төслийн эдийн засгийн үзүүлэлттэй танилцлаа. Энэ станц Тосонцэнгэл сумын одоогийн болон өсөн нэмэгдэх хэрэгцээг 100 хувь хангахаас гадна Завхан аймгийн эрчим хүчний нийт хэрэглээг хангаж, төвийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх улс орны эдийн засагт ч онцгой үүрэгтэй төсөл. Дулаан дамжуулах шугамын зураг төслийг энэ онд дуусгаж, ирэх жилээс шугам дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ утгаараа Тосонцэнгэл сум дахин хот болон хөгжих бүх боломж байгааг энэхүү форумаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бариулж буй ДЦС Тосонцэнгэлийн инженерийн дэд бүтцэд чухал нөлөө үзүүлж, хот болох замд хөтөллөө. Сумын хүн амын тоо 10 мянгаас давсан учраас Засгийн газар, ЭХЗХ-ны холбогдох журмын дагуу Тосонцэнгэлийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд оруулахаар болсон. Энэ талаархи Засгийн газрын холбогдох тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан нь форумын бас нэгэн бодитой үр дүн байлаа.
-Хүн ам, ажиллах хүч татах Тосонцэнгэлийн эдийн засгийн гол тулгуур юу байх вэ?
-Тосонцэнгэл сумыг анх 1923 онд Идэрийн голын хойд хэсэг буюу хуучнаар Сайн ноён хан аймгийн Бирваарагчаа бэйсийн хошуу, голын өмнөд этгээд дэх Далайчойнхор вангийн хошууны зарим нутгийг нийлүүлэн байгуулсан байдаг. Нутгийн иргэд Тосон, Цэнгэл гэсэн хоёр уулынхаа нэрээр нэрлэх санал гаргасан нь дэмжигдэн Тосонцэнгэл сумын эх болсон түүхтэй. Хожим модны нөөцөд нь түшиглэж, баруун аймгуудыг хагас болон бүтэн боловсруулсан мод, модон бүтээгдэхүүнээр хангах үйлдвэр байгуулсан нь өнөөдрийн томоохон суурин бий болох эхлэл болсон юм билээ. 1963 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Тосонцэнгэл хот болгосон. Харамсалтай нь, сүүлийн 30 гаруй жилд хот гэгдэх статус мод боловсруулах үйлдвэрийн хамт үгүй болсон. Одоогоор Тосонцэнгэл сумын долоон багийн гурав нь сумын төвдөө хамаарагдаж байна. Жишгээр бол сумын төвүүдэд нэг л баг байдаг болов уу. Бусад аймгийн сумдтай харьцуулахад хүн ам ихтэй, мод боловсруулах үйлдвэрийн суурь, мод бэлтгэх жижиг баазууд байгаа учраас эдийн засгийн хувьд харьцангуй хурдан бие даах чадвартай сум л да.
-Тосонцэнгэлийн хөгжлийн шинэ төлөвлөгөөг хэлэлцэх форумд ЗГХЭГ ихээхэн анхаарч, шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцжээ. Эрдэмтэн судлаачдын ойрын ирээдүйд төлөвлөсөн ажил хэрэгч санаачилгаас сонирхуулна уу?
-Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, эрдэмтэн судлаач, эдийн засгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг урьж “Шинэ хот”, “Шинэ хоршоо” нэрийн доор Тосонцэнгэлчүүд хоёр өдөр хөгжлийнхөө гарцыг тодорхойллоо. Академич, Ардын багш, ШУ-ны Гавьяат зүтгэлтэн Т.Дорж, доктор профессор О.Бат-Эрдэнэ, Гавьяат барилгачин, Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар, “Тосон Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Түвшинбат нар “Шинэ хот” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Шинэ хоршоо” сэдвийн хүрээнд Гавьяат малчин Д.Гомбо-Очир, эдийн засагч Д.Ангар, “Ноос ирээдүй” ХХК-ийн С.Цолмон нар илтгэл хэлэлцүүлэг хийж, ХАА-н салбарын асуудалд төвлөрч ярилцлаа. “Тосонцэнгэл сумын хөгжлийн гарц 2024” форумд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүрэлцэн ирж “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өөрийн биеэр танилцуулж, мэдээлэл өгсөн нь форумыг улам өндөр үнэлэмжтэй, сонирхолтой болголоо. УИХ-ын гишүүд ч оролцлоо. Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Нэг аймаг, хоёр хот” гэсэн маш сонирхолтой илтгэл тавьж, бодлогын том амлалт өгсөн. Тосонцэнгэл сум бие даасан хот болон хөгжих нь цаг хугацааны л асуудал гэдгийг ойлголоо. Бүх боломж нь хэдийнэ бүрдсэн байгааг бүгд ойлгож харлаа.
-“Шинэ хоршоо” хөдөлгөөний улсын хэмжээний анхны санхүүжилт Тосонцэнгэл олгогдсон гэж мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгнө үү?
-“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын илтгэлийг Тосонцэнгэл сумын 400 гаруй малчин сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөний баруун бүсийн анхны төвийг байгууллаа. Энэ үеэр Тосонцэнгэл сумын Идэр багийн малчдын 13 гишүүнтэй “Гурван толгодын шим” хоршоо Засгийн газраас зарласан хоршооны зээлийн анхны санхүүжилтийг авч, үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болсон. Энэ хоршооны санхүүжилт 120 сая төгрөг. Хамгийн гол нь форумын үйл ажиллагаанд Д.Амарбаясгалан сайд өөрийн биеэр оролцож, “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол сумдын хоршооллын үйл ажиллагааг тэлэх шинэ боломж, хуучин хоршооллууд ч төсөл, төлөвлөгөөгөө шинэчлээд хамрагдаж болохыг сайн ойлгуулсан нь малчид төдийгүй Тосонцэнгэлчүүдэд өгөөжтэй байлаа. Өнгөрсөн өвөл нийт нутгаар зудтай, хүнд өвөл болсон. Зуд анх удаа тохиож байгаа юм биш. Ирэх өвөл ч цас зудтай, хатуу байх эсэхийг бид одоо хэлж мэдэхгүй. Хэдийгээр цаг уурын хатуу хөтүү, цас зудын нөхцөлд малаа барах нь нэг малчны, хувь хүний өмчийн асуудал юм шиг боловч ард нь монгол хүний хүнс тэжээл, Монгол Улсын үндэсний эрх ашиг хөндөгдөж байдаг. Тийм учраас Засгийн газар малчдаа цас зудад нэрвэгдэн хүндэрсэн үед нь оройтож туслах, асар их хөрөнгө зарах биш эрсдэлийг урьдчилан тооцоод, хамтын хүчээр давах ажлыг эхлүүлэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлүүлсэн. Хоршооны гишүүн малчин заавал 50 сая хүртэл зээл авах нь чухал биш хэрэгцээндээ таарсан бага хүүтэй зээл авах эрх ч нээлттэй.
-Засгийн газар Тосонцэнгэл сумын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх болсон гэж та түрүүнд хэлсэн. Энэ шийдвэр сумын хэмжээнд, эдийн засагт ямар эерэг үр дүн авчрах вэ?
-Тосонцэнгэл бол Монгол орны хамгийн хүйтэн бүсийн нэг. Өвлийн улирлын үргэлжлэх хугацаа урт, -53 хэм хүртэл хүйтэрдэг. Энд 2700 орчим айл өрх цахилгаан хэрэглэдэг. Ихэнх айл өрх өвөл мод, нүүрс түлдэг. Нэг айл байшин, гэрийнхээ дулаан алдалтаас хамаараад өвөлдөө 2-3 машин мод түлэх нь ч бий. Мэдээж, ой хээрийн түймэрт өртсөн болон хуурайшиж хатсан мод хэрэглэдэг ч сумын модны нөөц жилээс жилд багасч, машин модныг нэг сая хол давсан үнээр худалдаж авч байгаа тохиолдолд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт айл өрхүүдэд нэн хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй бодлого болж чадна. Үнэндээ утаа, агаарын бохирдлын асуудал ганц Улаанбаатарын зовлон биш болжээ. Нүүрс шатаадагтай холбоотойгоор олон хүн амтай суурин газрууд утааны зовлонтой нүүр тулсан. Айлууд, албан байгууллагууд цахилгаанаар шөнийн халаалтаа шийдээд хэвшчихвэл жилд гурван тэрбум төгрөг өрхийн хэрэглээндээ үлдэхээр харагдаж байгаа юм. Энэ мөнгө жижиг дунд бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө, ажлын байрыг нэмэгдүүлж, айл өрхүүдээ тэтгээд байна. Энэ бол оршин суугчдын эдийн засагт ч, эрүүл мэндэд ч, байгаль орчинд ч ээлтэй шийдвэр боллоо.