Г.ЗАНДАНШАТАР УИХ-д хэрэгжүүлсэн “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өө ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ РУУ “НҮҮЛГЭЛЭЭ”

-Ийн улс төрийн үл ойлголцол дунд, тодорхой бус нөхцөлд гурван сарыг үдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын гүйцэтгэх засаглалын тэргүүний цаг албан ёсоор явж эхэллээ-.jpg)
Асуудлыг алсаас харья. Ардчилсан хувьсгалтай гар барьж, чөлөөт зах зээлийн алдаа оноон дундуур 30 жил туучсан Монгол Улс өнөөдөр ч нийгэм, эдийн засгийн шархаа анагааж чадалгүй ухарч урагшилж, урагшилж ухарч тонгочин яваа нь ил тод. Алдаа онооны цуглуулга нь хүн амын цөөнгүй хэсэгт ардчиллаас халгах айдас өдүүлж байхад олонход нь тэмцэх, манах үүрэг хариуцлага өдөөж буй ч үнэн. Ийн бодит байдлын ерөнхий дүгнэлтэд ээрэгдэж буй эл өдрүүдийн нэгэнд Монгол Улсын урд хил болсон Замын-Үүд болон Дорноговь аймгийн төв болох Чойрт Ерөнхий сайд Г.Занданшатарын ажилласан өдрүүдийг ажиглаж, сурвалжилж үдэв.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19-ийн дэгдэлтээс өмнө гэр бүлийн хамт Замын-Үүд боомтоор БНХАУ-руу хил гарч байлаа. Эмх замбараагүй олны дунд үр хүүхдээ гишгүүлчихвий гэдэг айдастай туулж барсныг бодоход Монголын гааль цахим шинэчлэл дорвитой хийжээ. Гэхдээ Замын-Үүдийн гаалийн ажилтнууд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлснээр бараг хоёр дахин нэмэгдсэн бол ард иргэдийнх нь шүүмжилснээр ачаа барааг ангилан ялгаж татвар хураамжийг алагчлан тогтоох, машин тэрэгний тусгай зөвшөөрөл олгох олгохгүйн хооронд ээрүүлэх, бараа нэвтрэлтийн оочер дарааллыг нааш цааш болгох зэрэгт цэвэрхэн хэлбэл танилын нүүр халуун гэдэг албан бус дүрэм улам бүр хүчийг олгосон гэнэ. Энэ тухай нутгийн иргэд ил тод босож, өндөр дуугаар илчлэх нь олонтаа байсан бөгөөд тэр болгоныг сонссоны дараа Замын-Үүдийн Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг чөлөөлөхийг үүрэг болгосон Ерөнхий сайд Г.Занданшатарын аман даалгавар нэг их гайхшрал төрүүлсэнгүй. Тэр зэргийн үнэнг сонссон Ерөнхий сайд энэ зэргийн санаачилга гаргаж бол болно оо л гэж харагдсан.
Харин нутаг усны ерөнхий зураглалын тухайд аль тэртээ 2004 онд УИХ-ын 17 дугаар тогтоолоор байгуулагдсан Замын-Үүд чөлөөт бүс хийгээд Замын-Үүдийн ерөнхий дүр зургийг хараад “Энэ айл өөдлөх үү” гэдэг ерөнхий асуулт шууд л зурсхийсэн. Чөлөөт бүсийн 900 га газар нутгийн алсын барааг нь саравчилж харахад зэрэглээнд оргүйдэж арилахуйц тал тоосгоны хэдэн байшин л харагдах. Мэдээж бүтэн тоосгоор барьсан байх. Гэхдээ барилга, байшин хоёрын ялгааг шуу нурууны өндөр, гадаад тохижолт, өнгө үзэмж зэргээр нь ялгадаг гэж үзвэл тэнд үнэндээ ороод дулаацчих овоохой ч алга. Сумын төв нь гэж энд тэнд ундуй сундуй таллаж нурсан блокон хашаа, тал тал тийш тарааж тавьсан, зарим нь бүр хажуу бөөрөөрөө газар малтсан том жижиг машины хаягдал гээд ер нь нэг явцгүй. Тэр болгоны хажуугаар Ерөнхий сайд нүдээ аниад явна гэж байхгүй. Хоёр ч удаагийн уулзалтад “Монгол Улсын өмнөд хаалга ийм эмх замбараагүй, ундуй сундуй байж болохгүй ээ. Үүнийг бодлогоор цэгцэлж, хөгжлийн цэгцтэй бодлого хэрэгжүүлнэ ээ” л гэнэ лээ. Мэдээж танилцуулгадаа бол яах вэ, “Улсын төсвөөс 17.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гадаадын зээл тусламж 80 сая ам.долларт хүрсэн. Хувийн хэвшил 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хөгжлийн мастер төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 100 давсан иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна” гэсэн ортой, мөртэй үг хэлж байгаа дуулдана лээ. Бүр бичээд, хэвлээд ч өгнө лээ. Гэсэн ч хөгжлийн гялбаа гэдэг зүйл нүдэнд тусахгүй юм гэхэд яаж ийгээд нэг торох ёстой доо. Үнэнийг хэлье, тороогүй ээ.
Ард иргэд нь харин яалт ч үгүй их их өөдрөг юм. Энэ хандлага нь их тод ч харагдсан. Тод ч ойлгогдсон. Ерөнхий сайд Г.Занданшатараас “Гурил будаа өг. Талхны үнэ буулга. Төр мөнгө өг” гэдэг нэг ч үг өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Замын-Үүд болон Сайншандын иргэдээс сонсоогүй. “Гаалийн хүнд суртал, танил тал хардаг, авлига хээл хахуул авдаг байдлыг таслан зогсоогоод өг. Манай хот, манай чөлөөт бүсэд ямар ч эмх цэгц алга. Хот төлөвлөлт алга. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна. Залуучуудын түрээсний орон сууц хөтөлбөрийг бүх улс даяар эрчимтэй хэрэгжүүлж өгөөч. Түрээсээ цаг тухайд нь хариуцлагатай төлөхөд л өөрийн байртай болно гэдэг их зөв санаачилга юм байна. Бусад аймаг, орон нутагт энэ ажлаа идэвхжүүлээрэй. Төрийн тусгай зөвшөөрлийг дамлан худалддаг, зувчуулан ашигладаг тусгай зөвшөөрлийн эрхтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж өгөөч. Ахмадуудыг ажлын байраар хангах чиглэлд төр бодлогоор анхаараач. Бид ажил хийж, цаг хугацааг үр ашигтай өнгөрөөмөөр байна.” гэдэг хүсэлт л тавина лээ. Энэ бүх үгийг Замын-Үүд, Чойрын иргэдийг төлөөлж үг хэлсэн иргэд олонтаа хэлсэн тул түүвэрлэн бичих нь илүүц. Онцолж бичих, ер нь Ерөнхий сайд Г.Занданшатарт нэг удаагийн ажлын томилолтоор сонсгоод өнгөрөх бус, чихэнд нь давтаж бүр хонх уядаг баймаар хэдэн хэдэн онцгой хүсэлт тавьсныг доор сийрүүлье.
1. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас баталсан ачаа тээврийн жишиг тариф бий. Гэтэл Замын-Үүдэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд ачаа тээврийн үнийг тогтоож байна. Үүнийг цэгцэлж өгнө үү.
2. Замын-Үүдийн хүн ам өдрөөс өдөрт өсөж байгаа ч хоёр талаараа хилийн бүс, инженерийн байгууламж зэрэгт хашигдаад суурьшлын бүсээ тэлэх боломжгүй болсон. Тэгсэн хэрнээ уул уурхайн дэд бүтэц, аж үйлдвэрийн бүс гэдгээр үйлдвэрлэлтэй холбоотой бүс тэлээд байна. Оршин суугчдад боломж олгооч.
3. УИХ, Засгийн газар нутагт шийдвэрээ гаргаж уран олборлохоор болсон бол орон нутгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажилламаар байна.
4. Залуу малчдаа бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Энэ хүмүүсийг дэмжихгүй бол орон нутагт 30-аас доош насны малчин гэж байхаа болилоо. Тэд бүгд яваад өгвөл мал аж ахуйнорон гэж явах хэрэг байна уу. Сүүлдээ БНХАУ-аас 8-10 сая төгрөгийн цалинтай малчин авахдаа тулж байна.
5. Улаанбаатараас Замын-Үүүд хүртэлх замыг дөрвөн эгнээтэй болгож өгөөч. Ганц эгнээтэй зам зөвхөн манай нутгийн иргэд төдийгүй энэ замаар зорчиж байгаа хүн бүрийг аюул эрсдэлд хүргэж байна.
6. Багш, эмч нарын цалинг нэмнэ. Нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч байна. Гэтэл бусад төрийн албан хаагч, Соёлын төвийн ажилтнууд чинь хүн биш юмуу. Эн тэнцүү эрх ашгаа хамгаалуулж, төрөөс бусдад олгож байгаа дэмжлэгт адил тэгш хамрагдахад анхаарч өгөөч.
7. Замын-Үүдийн газар нутаг хилийн зурваст ордог. Үүнтэй холбоотой иргэд газар өмчлөх боломжгүй байдаг. Гэтэл аж ахуйн нэгжүүд 20 км хүртэлх газар нутгийг авчихсан байна. Ингэж болох уу. Тэд газраа багадаа 500 сая төгрөгөөр зарж борлуулж байна. Иймд орон нутгийн иргэдийг газраа өмчлөх боломжоор хангаж өгөөч.
8. Ковидын өмнө манай бүс нутагт хил орчмын нэг өдрийн аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байсан. Гэтэл ковидоос хойш энэ үйл ажиллагааг хориглочихсон. Үүнийг сэргээж өгөөч. Орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд их тустай бизнес байсныг бодолцож шийдвэрлэж өгнө үү.
Эдгээр найман гол асуулт дээр өгүүлсэнчлэн дахин тодруулахад хувь хүний бэрхшээлд ээрэгддэг улстөрчдийн томилолтоос арай өөр уур амьсгалд өрнөсөн гэдгийг нотлоно.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд өнгөрсөн 20 жилийн турш ярьж, боловсруулсан, хууль тогтоох засаглал буюу УИХ-ын түвшинд хэрэгжүүлсэн хувь улстөрчийнхөө үзэл санаа, бодлогын концепцыг гүйцэтгэх засаглалын богино хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан “Цэгцрэх-300 хоног” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан нь цутгаж бэлдсэн суурин дээрээ өргөж босгосон шинэ зорилт байлаа. Магадгүй энэ бодлогын шилжин “нүүлгэлт”-ийг хууль тогтоох засаглалд хэрэгжүүлсэн “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өө Засгийн газар руу нүүлгэлээ хэмээн ч тодорхой дүгнэж болно. Учир нь, “Цэгцрэх хөдөлгөөн”-ний тухай суурь ойлголт, “Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн юм” гэдэг хувь улстөрчийнх нь улс төрийн бодлого энэ удаад олон хүнд шинэ, содон сонсогдохгүй байж болох ч УИХ-ын даргын хувиар удирдан ажилласан Үндсэн хуулийн хоёр удаагийн шинэчлэлийг эргэн санах хэрэгтэй. Учир нь, түүний удирдсан УИХ 2019, 2023 онд тус тус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэчлэн баталсан. Үр дүнд нь одоогийн 126 гишүүнтэй парламент бүрдэж, сонгуулийн холимог тогтолцоо бүрэн хуульчлагдсан. Нүүрсний хулгай, ногоон автобус, эмийн чанар, ашигт малтмалын лиценз олголт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэгтэй холбоотой хянан шалгах түр хорооны сонсгол ил тод зохион байгуулагдсан. Энэ болгонд тэрбээр “Цэгцэрч байж хөгжинө” гэдэг ерөнхий концепцыг УИХ-ын даргын хувиар зарласан, хэрэгжүүлсэн. Иймд Ерөнхий сайдын хувьд “ЦЭГЦРЭХ- 300 хоног” хөдөлгөөнийг албан ёсоор Монгол Улсын өмнөд хилээс эхлүүлж, “Үүд хаалгаа цэгцэлж байж хөгжил ирнэ шүү, дорноговьчуудаа” гэсэн нь нутгийн иргэдийн “Цэгцлэе. Цэгцлэх хэрэгтэй байна” хэмээн хэлсэн дээрх найман гол хүсэлттэй яв цав нийцнэ лээ.
Энд гэхдээ нэг эргэлзээ бий. Тэр нь 300 хоногт амжих уу гэдэг асуулт. УИХ-ын даргын хувьд асуудлыг ард нийтийн санал асуулга, УИХ-ын хэлэлцүүлгээр шийдэж болж байсан бол улс орны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд 300 хоног хангалттай юу. Өөрөөр хэлбэл, 300 хоногт хэрэгжүүлэх “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-ий гурав хоног нь Дорноговь аймагт өрнөлөө. Үйл явдал, уулзалтын уур амьсгал, орон нутагт шийдэж байгаа асуудлууд, гол нь хур бэрхшээлүүдийг ажиглахад ам гарах зорилт бол биш санагдсан. Гэхдээ тэрбээр ийн эхлүүлэв. Мөн 300 хоногт амжиж, “Алтанширээт” үйлдвэр, технологийн паркийг ашиглалтад оруулна, НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмнэ, 30-40 мянган ажлын байр шинээр бий болгоно, Үндэсний баялгийн сангаас “Хуримтлалын сан”-гаар дамжуулан ахмадуудын нэрийн дансийг өвлөгдөх нөхцлөөр мөнгөжүүлнэ, төрийн албаны реформын хүрээнд 1000 журмыг цуцлана, сөрөн тэсвэрлэх чадварыг бий болгоно... зэрэг зургаан зүйл, олон заалт бүхий зорилтоо зарласан.
Товчхондоо ирэх зургадугаар сарын 1-ний дотор Зам-Үүд сумын удирдлагууд ЗАМЫН-ҮҮД хотын нэн шинэ түүхийг бичиж эхлэх бэлтгэлийг хангах, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын хөгжилд саад тотгор болж буй асуудал, бэрхшээл бүрийг 300 хоногт цэгцэлж дуусгах даалгаврын цаг явж эхлэв... Та бидний хувьд харин “300 хоногт амжих уу” бус “Амжуул” гэдэг ганц үгээр ташуур өгөхөө мартаж үл болно. Ийн улс төрийн үл ойлголцол дунд, тодорхой бус нөхцөлд гурван сарыг үдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын гүйцэтгэх засаглалын тэргүүний цаг албан ёсоор явж эхэллээ. 300 ХОНОГ...
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
