Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн. Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргалаа. 2026 онд бүтээн байгуулалтын төслүүдийн барилга угсралтын ажлууд үе шаттай эхлэх юм. Тухайлбал, “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Эдгээр ТҮЦ эрхлэгчтэй хотын дарга уулзаж, хэлэлцээрт хүрнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Ирэх долоо хоногт ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, санал тавина. Улаанбаатар хотод хоёр байршилд шинээр ашиглалтад орж байгаа үйлчилгээний төвд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгье. Одоо нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадахгүйгээр хэлэлцээрт хүрч нүүлгэнэ гэж найдаж байна. Таван ТҮЦ өөрсдөө нүүсэн байгаа. ТҮЦ нүүлгэж байгаа нь энгийн тайлбартай. Нийслэлээс хоёрдугаар сарын 15-нд “Трамвай” төслийн тендерийг зарлаж, дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөж байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт шаардлагатай учраас ТҮЦ нүүлгэж байгааг учирлая. Зарим газарт ТҮЦ-ээ нүүлгэх байршлыг зааж өгье” хэмээлээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
