...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
12-р сар 28

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” хотхон байгуулсан. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр мөсөн гулгуурын талбай, хотхонуудыг байгуулсан. Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор чөлөөт цагаа өнгөрөөх, тоглож наадах мөсөн талбайг бид үе шаттай байгуулж, хүүхдүүд дэлгэцийн хэрэглээнээс аль болох ангижирч гадаа тоглох боломжуудыг нээж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр байгуулсан энэ мөсөн талбай хүүхдүүд ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбар болж байна. Мөн мөс өнгөлөгч машин оруулж ирэхээр бэлдэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нийслэлийн өмч учир жилийн аль ч улиралд ашиглалтад байлгах боломж бүрдэж байна” гэлээ.

Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам өчигдөр тус талбайд 600 хүүхэд ирсэн бол өнөөдөр илүү их ачаалалтай байна гэлээ. “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!