Улс төр

ADMIN
06 сарын 02
06 / 02

“Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн хандивыг “үгүй болгосон” хурандаад яллах дүгнэлт үйлдүүлнэ

“Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн хандивыг “үгүй болгосон” хурандаад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирын алтны орд газарт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийнхан орон нутгийн Онцгой байдлын хэлтэст багагүй хэмжээний хандив өгчээ.

Гэвч уг хандив нь “буруу гараар” орсон байж болзошгүй аж. “Чухам ямар үйл ажиллагаанд зориулж, хэдий хэмжээний хандив өгснийг тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудаас тодруулахаар хандсан ч ямар нэг хариулт өгсөнгүй. Тэгвэл эл компанийн хандивыг хувь хүний дансаар авч зарцуулсан хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад байна. Тэрбээр байгууллагадаа зориулж “Наран мандал энтерпрайзес” ХХК-иас хандив, тусламж хүссэн гэнэ. Гэвч тус компаниас өгсөн хандивын мөнгийг өөр хэн нэг хүний арилжааны банкны дансаар дамжуулан авч, төрийн байгууллагын данс бүртгэлд тусгалгүйгээр зарцуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгагдаж буй юм.

Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтантай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ын бас шалгаж дууссан аж. ОБЕГ-ын харьяа ар тал, хангалтын 115 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Баярсайханыг албан тушаалаа урвуулж, жороор олгох ёстой тариаг өөртөө авсан хэрэгт буруутгасан байна.

Шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу олгодог, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг 2021, 2022 онд өөрийнхөө эмчилгээнд хэрэглэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтарч, их хэмжээгээр захиалан авч өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт холбогдуулан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ.