...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 21

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг (2025.11.21) тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулдаг уламжлалт ёслолд Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон төр, нийгмийн нэр зүтгэлтнүүд оролцлоо. Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлж академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсан юм.  





Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулсан.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их Эзэн Чингис хааны мэндэлсэн огноог Ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.

Монгол Улсын Их Хурал 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг нийтээр тэмдэглэн бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!