Уул уурхайн салбарын хөгжлийг тулах “Ирээдүйн инженер” хөтөлбөр гараанаас гарлаа

Монгол Улс эдийн засгийн ганц тулгуур баганатай. Хэдий өнөөдрийг хүртэл эдийн засгийг солонгоруулж, олон тулгуурт бодлого баримтлана хэмээн үе, үеийн Засгийн газар, УИХ зарлаж ирсэн ч уул уурхайгаас өөр дэм болсон нь хараахан үгүй. Зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд Монгол Улсын уул уурхайн салбар ДНБ-ний 25.6 хувийг буюу 10.3 их наяд төгрөгийг бүрдүүлсэн. Ирээдүйн төсөөллөөс харахад энэ нөлөө 2030 он гэхэд 2024 оныхоос 2.65 дахин өсөх төлөвтэй байгаа бөгөөд төр ч, хувийн хэвшил ч уул уурхайн салбарт тулгуурлаж хөгжих нь илэрхий. Иймд Засгийн газраас уул уурхай, хүнд аж үйлдвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар 2028 онд одоогийн 152 их наядыг хоёр дахин тэлэхээр тооцсон. Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэг сая ам.доллараар өсөхөд 6246 ажлын байр шинээр бий болдгийг манай улсын өнгөрсөн хугацааны уул уурхайн салбараас ирж буй өгөөж нотолно.
Уул уурхайн салбарын хөгжил шинэ эрэлт үүсгэлээ
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци сүүлийн жилүүдэд “FURTURE ENGINER-2030” буюу “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх 2030 он хүртэл Монгол Улсын уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэж, шинэ залуу инженер бэлтгэх, шинэ залуу инженерүүдээ сургах. Тэр дундаа, нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, дэмжих. Энэ нь ойлгомжтойгоор тайлбарлавал уул уурхайн салбарын “мэс засалчид” гэсэн үг. Учир нь, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд Францын “Орано” компанитай Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалын гэрээ байгуулсан. Тус ордын олборлолт эхэлснээр Монгол Улс дэлхийн ураны үйлдвэрлэлийн дөрвөн хувийг дангаар хангах тооцоотой. Энэ хэрээр нарийн мэргэжилтэн зүй ёсны хэрэгтэй болно. Мөн энэ долоо хоногт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороогоор “Хазлан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн. Энэ нь уг ордын хайгуулыг үргэлжлүүлж, олборлолтыг нээх бодит алхам. Урьдчилсан байдлаар 1,511.6 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй нь тогтоогдсон Халзан бүрэгтэйн ордыг ашиглаж эхэлснээр дараа дараагийн Улаандөл, Мушгиа худаг, Хотгор, Цагаан чулуут, Луугийн гол гэсэн зургаан том газрын ховор элементийн ашиглах үүд хаалга нээгдэж, Монгол Улс албан ёсоор энэ салбарын нөлөө бүхий тоглогч болно. Учир нь, манай улсын эрдэс баялгийн нөөц дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгддэг. Иймд уул уурхайн салбарыг зөвхөн нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээр тодорхойлж ирсэн манай улсын хувьд газрын ховор элементийг ялгаж боловсруулах, ураны олборлолтыг удирдах боловсон хүчин, инженерүүд юу юунаас илүү хэрэгтэй болно оо гэсэн үг.
Ирэх арван жилд 31.130 инженер хэрэгтэй ч...
Саяхан “Mongolia Talent network” судалгааны байгууллагаас Монголын уул уурхайн салбарын хүний нөөцийг судлан шинжилсэн. Уг судалгааны дүнгээс харахад уул уурхайн салбарт шинээр ажиллаж эхэлсэн 30 хүртэлх насны инженер, ажилтнууд Чили, Австрали, Канад зэрэг улстай харьцуулахад харьцангуй бага буюу 4.5 хувийг эзэлж байна. Харин нэр дурдсан орнуудад энэ дүн 15-20 хувь байгаа нь хүний нөөцийн хувьд хангалттай үзүүлэлтэд тооцогдоно. Үүнийг ажиллах хүчний нөөц болон эрэлттэй харьцуулахад яагаад “Ирээдүйн инженер” хөтөлбөр чухал вэ гэдэг нь ойлгогдоно. Гол тайлбар нь 2024-2027 онд дунджаар 400-450 оюутан уул уурхайн салбарын мэргэжил эзэмшиж төгсөх таамаг байгаа бол ирэх арван жилийн хугацаанд энэ салбарт ойролцойгоор 31.130 ажилтан хэрэг болох төлөвтэй байгаа статистик. Энэ нь эрэлт, нийлүүлэлтийн харилцаа алдагдах эрсдэлтэйг харуулах бөгөөд үүнд уул уурхайн салбарыг тойрсон олон нийтийн эргэлзээ, нэр хүнд, нарийн мэргэжлийн ач холбогдлыг таниулан сурталчлах ажил орхигдсонтой холбоотой хэмээн судалгааны байгууллага дүгнэсэн байна. Иймд Монголын уул уурхайн үндэсний ассоциаци уул уурхайн салбарын хүний нөөцийн бодлогод эрэлт хийх цаашлаад хүнд машин механизмын оператор, тоног төхөөрөмжийн завсарчин, механик инженер, экскаваторын машинч, бульдозерын оператор, өрмийн оператор, геологи хайгуулын инженер, уул уурхайн санхүүгийн ажилтан зэрэг нарийн мэргэшлийн боловсон хүчнийг зах зээлийн эрэлттэй нийцүүлэн бэлдэхэд анхаарна. Мэдээж үүн дээр дээр дурдсан газрын ховор элемент, ураны олборлолттой холбоотой мэргэжилтэн ч багтах бөгөөд Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болох гэж буйг мөн орхиж болохгүй. Өөрөөр хэлбэл, нэг үе буюу 2007-2015 оны үеийг хамарсан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрчимжихийн хэрээр ажиллах хүчний эрэлт эрчимжсэн цаг хугацаа их удахгүй эргэж ирнэ ээ гэсэн үг.
Инженерүүдийг сурагчийн ширээнээс...
Мэргэжлээ сонгосон уу... Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 360 гаруй сурагчтай уулзаж, “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Хувцас, машинд эд зүйлс дээр тренд дагаж, моод хийх нь түгээмэл. Харин сурагч Та бүхэн ирээдүйд хэн болох, хэрхэн амьдрах нь одоо сонгох мэргэжлээс тань ихээхэн хамаарах учир хариуцлагатай, судалгаатай хандах хэрэгтэй. Улс орны ирээдүйг инженерүүд л авч явна” хэмээн хэлсэн нь өдгөө сэтгүүлчийн тэмдэглэлд үлдэж. Тэрбээр энэ үгээ Баянзүрх дүүрэг болон Өмнөговь, Дархан-Уул, Хэнтий аймагт зохион байгуулсан уулзалтынхаа үеэр ч хэлсэн. Хэдий хөтөлбөрийн хүрээнд инженерээр сурч байгаа оюутан залуусыг дэмжиж, ажлын талбарт гарсан мэргэжилтнүүдээ дахин сургах бодлого барьж буй ч ирээдүйн инженерүүдийг урин дуудах, тэдний ирээдүйд мэргэжлийн шинэ чиг баримжаа олгоход анхаарал хандуулах нь хөтөлбөрийн нэг зорилго. Үүний тулд Монгол Улсын уул уурхайн салбарын нөхцөл байдал, ирээдүйд төлөвлөлт, цаашлаад тэтгэлэгт хамрагдах боломж, ер нь л өмнөө нээж болох шинэ боломж, үүд хаалгыг таниулахыг чухалчилж буй. Хамтран ажиллагсад нь “Ньюком”, “Энержи ресурс”, “Мера”, “Платинум Ланд”, “Хургатай хайрхан”, “Бороо гоулд”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл бол төрийн байгууллагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ашигт малтмалын ерөнхий газар, Хөвсгөл болон Өмнөговь аймгийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Технологийн сургууль, МУИС, ШУТИС болон “Тэтгэлэг” аппликейшн ч хамтарсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх “Ирээдүйн инженер-2030” хөтөлбөрийг дэмжиж амбассадораар ажиллахаар болсон бөгөөд тэрбээр “Залуу үеийг шинжлэх ухаан болон технологийн чиглэлээр урам зоригтой суралцахад бүхий талаар дэмжлэг үзүүлж, уул уурхайн салбарын ирээдүйн хүний нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай бодлогын шинэчлэлд хувь нэмрээ оруулах болно” хэмээн зарласан.
Туулах зам, тулах цаг...
Энэ бол “Ирээдүйн инженер-2030” хөтөлбөрийн үндсэн зорилго бөгөөд сүүлд ирээдүйтэй буюу нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг харахад гүний уурхайн агааржуулалтын инженер, усны инженер, дунд болон урт хугацааны төлөвлөлтийн инженер зэрэг олон мэргэжил шинээр бичигдсэн байна билээ. Газрын гадаргуугаас 1.3 км-ийн гүнд Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, өдөрт 10 мянга гаруй тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг монгол инженерүүдийн дараагийн ололт амжилтыг хамт бичих урилга ийн Таныг болон Таны хүүхдийг хүлээж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ онд зэсийн нөөцөө нэмэгдүүлж, 2071 он хүртэл тогтвортой ажиллах боломжтой болсноо зарласан. Мөн энэ есдүгээр сард дэргэдээ 357 сая тонн хүдрийн нөөцтэй Оюут ордыг нээж, ашиглалтад шилжүүлэх боломжтой болсноо мэдээллэсэн. Их удахгүй дэргэдээ зэс хайлуулах үйлдвэр барина. Уран олборлоно. Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Сэргээгдэх эрчим хүчийг эрчимжүүлнэ. Ирээдүйн инженерүүд ээ, туулах зам, тулах цэг тод харагдаж байна. Энэ бол Таныг хүлээж буй Монгол Улсын уул уурхайн хөгжил болоод ирээдүй юм. Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
