...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

“ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН МЭНДЭЛСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙ” СЭДЭВТ ТУСГАЙ ТЕХНОЛОГИЙН ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ БОЛНО

“ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН МЭНДЭЛСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙ” СЭДЭВТ ТУСГАЙ ТЕХНОЛОГИЙН ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ БОЛНО
Туурга тусгаар Монгол Улсын түүх, соёл, оюун санааны хөгжилд гүн ул мөрөө үлдээсэн, төр, шашин, соёлын суут хүмүүн бол Их эзэн Чингис хааны шууд алтан ургийн Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар билээ. Суут хүмүүний мэлмий гийсний 390 жилийн түүхэн ой энэ онд тохиож буй бөгөөд ойг угтан улс орон даяар соёл, урлаг, боловсролын олон талт арга хэмжээнүүд өрнөж байна.
🔱📖Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар нь 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болон Ханджамц хатнаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар мэндэлсэн түүхтэй. Тэрээр бага наснаасаа Бурханы шашны сургаал, номлол, тарнийн гүн ухаанд шамдан суралцаж 1649 онд Цастын орныг зорин шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшсэн.
Занабазар гэдэг нэр нь "аянгат (жнана)-цэцэн билэг (важра)" гэсэн утгатай Санскрит гаралтай үг хэмээн үздэг.
🎨🏛️Өндөр гэгээний билиг, гоо зүйн гайхам авьяас, мэдрэмж, урлан бүтээсэн үнэт өв нь Монголын соёлын дархлаа, хүн төрөлхтний соёлын үнэт эрдэнэ болон өнөөг хүрчээ. Энэхүү үнэ цэнэтэй өвийг бүтээн бий болгосон эрхэм хүмүүнд зориулсан дурсгалын маркийг хэвлүүлж, мөнхжүүлэх, олон улсын шуудангийн харилцаанд түгээх нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12.30 цагт Чингис хааны Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.
📮✨Дурсгалын марк бол цаг хугацааны хил даван үндэсний бахархал, соёлын өвийг дэлхий дахинд түгээх нэгэн соёлын элч юм. Монгол маркийн түүхэнд 1988 онд “Занабазарын уран бүтээл” сэдэвт 7 нэрийн маркийг гүйлгээнд гаргаж байсан бол “Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой” сэдэвт тусгай технологийн блок маркийг олон нийтэд толилуулах гэж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!