Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сангийн шинэ байранд өнөөдөр /2025.11.18/ “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон “Чингис хаан судлалын ном зүйн мэдээллийн нэгдсэн сан”-гийн нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Энхчимэг болон эрдэмтэн судлаачид, уншигчдын төлөөлөл оролцлоо.


Энэхүү ном бүтээх, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг Монгол Улсын Үндэсний Номын Сан болон ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран санамж бичгийн хүрээнд хоёр жилийн турш хэрэгжүүлж, анхны үр дүнгээ олон нийтэд толилуулж байна.


Мөн нээлтийн үеэр гэрийн үеийн бичмэл буюу угийн бичгийн үзэсгэлэн гарч, онцлох үзмэрээр таван ханатай гэрийн буурины хэмжээтэй Сэцэн хан Шолойн угийн бичгийг дэлгэн үзүүлсэн нь оролцогчдын анхаарлыг ихэд татав. Уг бичигт Чингис хааны үр удам болох Сэцэн хан Шолойн дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг 5.8 метрийн голчтой даавуун дээр дугуй хэлбэрт багтаан бичсэн байдаг.


Үүнтэй төстэй үзмэрийг энэ оны дөрөвдүгээр сард Япон Улсын Нара хотын “Тэнри Санкоокан” музейд дэлгэсэн нь олон улсын судлаачдын сонирхлыг ихээхэн татсан байна. Монгол Улсад ийм гурван дурсгал бий бөгөөд үүний хоёр нь Үндэсний номын санд, нөгөө нь Үндэсний төв архивт хадгалагддаг ажээ.


Уг Чингис хаан судлалын ном зүйн мэдээллийн нэгдсэн санд Чингис хаантай холбоотой судар ном, гар бичмэл, сурвалж бичгийн дээж, Чингис хаан судлалаар гаргасан дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгаа, утга, уран зохиолын 200 гаруй бүтээл багтдаг бөгөөд Их Эзэн Чингис хаан мэндэлсэний Монгол бахархлын өдөрт зориулан дэд үзэсгэлэн толилуулж байна.


Үзэсгэлэн арваннэг дүгээр сарын турш үргэлжилнэ.