“Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Үндэсний музей нь “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг 2025 оны 11 дүгээр сарын 20–30-ны өдрүүдэд олон нийтэд толилуулна.
Монгол урчуудын ясан сийлбэрийн өв дурсгалыг төрөлжүүлэн, нэн эртнээс өнөөг хүртэлх үеийг хамарсан үзмэр, уран бүтээлээс дээжлэн дэглэсэн тус үзэсгэлэн нь монгол урчуудын ур ухааны гайхамшгийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.


Монгол урчуудын бүтээсэн ясан сийлбэрийн их өв санг нэгтгэн, анх удаа үзэгчдэд толилуулж байгаагаараа тус үзэсгэлэн онцлогтой. Монголчууд мал аж ахуй эрхэлж, малын яс, амьтны ясны онцлогт тулгуурлан ясаар эд зүйлс хийдэг байсан төдийгүй эдгээрийг хэрэглэх явцдаа сийлбэрлэн төгөлдөржүүлж, ясан сийлбэрийн урлагийг гайхамшигт өв болгон хөгжүүлснийг үзмэрүүдээс харж болно.


Музейн сан хөмрөгт хадгалагддаг ясан эдлэл, ясан сийлбэрийн бүтээлүүд нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн ясан сойз, савх, шоо, нумын наалт, сумны зэв, бүсний арал, XVIII–XX зууны үеийн шашны зан үйлд ашиглагддаг эвэр тунараа, ясан эрхи, ясан пүрэв, ахуйн хэрэглээний ясан хяртай эмээл, ясан чимэгтэй хусуур, бугын эврээр чимэглэсэн ташуур, гоёл чимэглэлийн бүсний бэл, ясан иштэй хэт хутга, ясан хуйтай хутга зэрэг 120 гаруй дэсийн 148 үзмэрийг багтаасан байна.


Мөн урлагийн бүтээл болох зааны соёон дээр сийлсэн улс орны хөгжил цэцэглэлтийг харуулсан сийлбэр, Х.Чойбалсан, И.Сталин нарын сийлбэрүүд, ясан тоглоом наадгай болох бугын эврээр хийсэн хорол тоглоом, ясан шатар, шагайн хашлага, ясан чимэглэлтэй морин хуур зэрэг үзмэрүүд орсон байна.

Үзэсгэлэнд БНМАУ-ын УГЗ, чимэглэлийн урлагийн нэрт мастер, ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэгч С.Сэнгээ, түүний хүү С.Базар, Ардын зураач, БНМАУ-ын УГЗ, уран сийлбэрч Л.Чуваамэд, мөн 1952 онд анх сууриа тавьсан “Урчуудын артель”-ийн урчууд болох Л.Дорж, Д.Гүнд, Ц.Минжүүр нарын ясан сийлбэрүүдийг олны хүртээл болно.


Үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр морин цагт буюу 11:40 цагт эхлэх бөгөөд 11 дүгээр сарын 30 хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй зохион байгуулагдана.