...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

МОНГОЛ БАХАРХАЛ“ БҮТЭЭЛЧ САРЫН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

МОНГОЛ БАХАРХАЛ“  БҮТЭЭЛЧ САРЫН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ
Монгол бахархал” уриа дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сар аяны хүрээнд орон нутгийн долоо хоногийн онцлох арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэж байна.
📍Архангай аймаг: Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ренчиний мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Архангай аймагт “Бахархалт хүмүүн” контентыг бүтээж, олон нийтэд түгээлээ.
📍Баян-Өлгий аймаг: “Үндэсний уламжлалаа дээдэлье” боловсрол, танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд 32 сурагч оролцож, өв соёлын мэдлэгээ тэллээ. Мөн аймгийн музейн боловсролын ажилтан М.Еркинбек хүүхдүүдэд уламжлалт өв соёлын талаар сонирхолтой хичээл зааж, “музейн виртуал ертөнцөөр аялуулсан байна.
📍Булган аймаг: Булган аймагт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Жуулчны хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургалт” зохион байгуулж, аймгийн музей, соёлын байгууллага болон аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох 50 орчим иргэн хамрагдлаа. Аймгийн Музейн ажилтан Ж.Ганбат Сэлэнгэ сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Агданбуугийн Амар” сайдын талаар лекц уншлаа. Мөн Баян-Агт суманд “Шагайн харваа”-ны аварга шалгаруулах болон “Ирээдүйн хуульчид” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.
📍Говьсүмбэр аймаг: “Монгол бахархал” бүтээлч сарын аяны хүрээнд Монгол хэл, бичиг, соёлын үнэт зүйлсийг олон нийтэд таниулах, эх хэл, бичгийн уламжлалыг дээдлэх, бахархал, хүндэтгэлийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тухайлбал, Дуу бүжгийн “Боржигин” чуулгын уртын дууч Б.Энхжаргал “Ээлийн энтэй ижий” цомын нээлтээ хийж, гоцлол дуучин Н.Гантөгс “Мөнхийн бахархалт нутаг” бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулла. Мөн аймгийн соёл, урлагийн байгууллагууд “АХА” тэмцээн, хичээнгүй бичгийн уралдаан, контент болон постер бүтээлүүдийг олон нийтэд түгээж ажиллалаа.
📍Говь-Алтай аймаг: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Алтайн яруу үдшээр-Алтайн залуусаараа бахархана” арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Монголын утга зохиолын бахархалт 30 зохиолчийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарч, эх орон, эх хэл, утга зохиолыг эрхэмлэгч салбар бүрийн шилдэг 9 залуу яруу найргийн уншлага, чөлөөт сэтгэлгээний ярилцлага, номын солилцоо зохион байгуулав. Мөн МУСТА, уран барималч Ц.Батдэлгэрийн “Хувилгаан дүр” уран бүтээлийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, МЗЭ-ийн “Хантайшир” салбар болон “Хөх салхи” бүлгэмийн зохиолч, яруу найрагчид өөрсдийн бүтээлээ танилцууллаа.
📍Дархан-Уул аймаг: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Соёлын төвөөс Монгол Улсын Төрийн шагналт, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан зохиолч, уншигчдын уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уулзалтад 120 гаруй сурагч оролцож, монголын утга зохиол, хэл соёлын үнэ цэнийн талаар мэдлэгээ дээшлүүлэв. Зохиолчид сурагчидтай Бямбын Ринченгийн уран бүтээлийн түүхэн замнал болон урам зориг, бүтээлчээр сэтгэхийн үнэ цэн, эх хэлний яруу сайхны талаар яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.
📍Дорноговь аймаг: “Шувуун шанд”-д Д.Данзанравжаагийн яруу найргийн уншлага зохион байгуулж, түүний оюун ухаан, урлагийн өвийг хүндэтгэн дурссан соёлын арга хэмжээ боллоо.
📍Дорнод аймаг: Хөшөө цайдам музейн “Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэн 2025 оны 11-р сарын 4–6-нд Дорнод аймагт дэлгэгдлээ. Үзэсгэлэнд Билгэ хааны алтан титэм, Культегин жанжны чулуун хөшөөний толгой, мөнгөн буга, алтан ээмэг, алтан домбо, алтан аяга зэрэг хосгүй үнэт үзмэрүүд багтсан бөгөөд нийт 1061 хүн (том – 91, хүүхэд – 970) үзэж сонирхжээ.
📍Дундговь аймаг: “Мөнх тэнгэрийн бичиг” үндэсний бичгийн уралдаан Дундговь аймагт зарлагдаж, бүтээлийг 2025.11.25-ны дотор хүлээн авна.
“Удам судраа мэдэж, угийн бичиг хөтлөх сургалт” Луус суманд зохион байгуулагдаж, оролцогчдод сертификат олгон урамшууллаа. Мөн “Монгол хаадын товч намтар цадиг” номыг видео хэлбэрээр цахимд түгээж, академич Б.Ринчений намтар, уран бүтээлийг видео хэлбэрээр олон нийтэд хүргэлээ.
📍Орхон аймаг: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үндэсний тоглоом наадгайн үйчүүр, үгэн наадгай, оньсон тоглоомын сургалтыг зохион байгууллаа. Мөн “Хөгжилтэй аялал”-аар хамтдаа аялцгаая сэдэвт 2 удаагийн тоглолтыг хийж, нийт 112 хүүхэд үзэж сонирхсон бол, монголчуудын аман уламжлалын төрөл “Эмээлийн магтаал”-ыг хий зүгшрүүлэх авианы дасгалтай холбон, Freestyle Beat хөгжмийн аялалд тааруулан уншиж, цахим хуудсанд байршуулжээ.
📍Өмнөговь аймаг: МУУГЗ А.Довчиндаваа агсны нэрэмжит "Говь арт" дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнд 40 уран бүтээлчийн 79 уран бүтээл оролцож 3 хоногийн турш дэлгэгдэж 550 гаруй үзэгчид хүрч үйлчиллээ. Шилдэг уран бүтээлээр “Монгол эмэгтэй хөрөг” уран зургаар Ө.Эрдэнэбулган, “Чингис хааны бурханчилсан хөрөг” задгай хатгамлаар Ц.Цэцэгдэлгэр, “Хурдан морь” уран сийлбэрээр В.Ариунболд нар шалгарч тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
📍Сэлэнгэ аймаг: Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсэний 120 жилийн хүрээнд эх хэл, соёлоороо бахархан сайшаах эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ерөнхий боловсролын сургууль бүрээс 120 сурагчдыг хамруулан "Монгол хэл" шүлгийг уран яруу унших цахим аян зарлаж 34 ерөнхий боловсролын сургуулийн нийт 4080 сурагч хамрагдлаа.
📍Төв аймаг: “Монгол бахархал” аяны хүрээнд Б.Ренчиний 120 жилийн ойд зориулан “Бэр цэцэг” өгүүллэг, “Монгол хэл” шүлэг, “Заан залуудай” өгүүллэг, “Цогт тайж” кино зэрэг уран бүтээлүүд болон Монголын бахархалт хүмүүсийн туурвил, бүтээлч сэтгэлгээг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол бахархал” уриан дор үндэсний хэмжээний арга хэмжээнүүд өрнөж байна. Энэ хүрээнд 18 сумын соёлын төвүүд өөрсдийн цахим хуудсанд байршуулж, сурталчилсан байна.
📍Увс аймаг: “Найруул Ойрад” хөгжимт жүжгийн театр нь “Монгол бахархал” Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Ээрэн хүрээ” бүжгэн жүжиг, “Эх орны хүү болтугай”, “Гурван чимэгтэй наадам” зэрэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож, нийт 700 гаруй хүн үзэж сонирхсон байна.
📍Хөвсгөл аймаг: Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудынгазар, Нийтийн номын сан хамтран “Хөвсгөл аймгийн чулуун бичгийн өв соёл” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн нь нутгийнхаа түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтэдсурталчлан таниулах зорилготой бөгөөд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт илэрсэн эртний бичгийн дурсгалуудыг цогц байдлаар анх удаа дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм. Энэхүү үзэсгэлэнд 15 дурсгалт газрын зураг багтсан бөгөөд үзэсгэлэнгийн зургаар открить бүтээж олон нийтэд түгээлээ.
📍Хэнтий аймаг: “Номтой өвөл” уншсан номын тэмдэглэл хөтлөх уралдаан эхэллээ. Тус уралдаан нь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 3-наас 12 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор 200 гаруй сурагч уралдаанд бүртгүүлээд байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!