Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний бүтээл Шаазан урлалд” үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийнэ.

Шаазан урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү оюутан наснаасаа хойш 40 гаруй жилийн турш Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг судлан, өөрийн бүтээлийн гол сэдэв болгож ирсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээр тэрхүү олон жилийн судалгаа, уран бүтээлийнхээ үр дүнг олон нийтэд толилуулна.

Х.Хадхүүгийн уран бүтээлд Өндөр гэгээний “Хорин нэгэн дарь эх”, бусад мутрын бүтээлүүдийг шаазан, керамикаар дахин урласан төдийгүй, монгол ахуй, ёс заншил, түүхэн нэрт хүмүүсийн дүр төрхийг уран нарийн хийцээр илэрхийлжээ.

Урлан бүтээх үйлд олон давхар хэв авалт, паалангийн будалт, өндөр температурын шатаалт, залгаасгүй цутгалтын өвөрмөц арга барил ашигласнаараа онцлог бөгөөд энэ нь түүнийг Монголын шаазан урлалын онцгой төлөөлөгчдийн нэг болгожээ.

Үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрийг хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.
Өндөр гэгээний урлахуйн билэг ухаан, монгол шаазан урлалын гайхамшгийг нэг дор үзэж сонирхохыг урьж байна.