Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нартай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа.

Хурлаар орон нутгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын бүтэц, чиг үүргийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Мөн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын явц, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, санал солилцлоо.

ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг аймаг, нийслэлийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын чиг үүрэгт шинжилгээ хийх, бүтэц, орон тоог шинэчлэн батлах ажлын хүрээнд танилцуулга, мэдээлэл хийж, бодлогын хэрэгжилтийг уялдуулах талаар үүрэг даалгавар өглөө.

Хуралд ЗГХА Соёл, урлагийн газрын газар, хэлтсийн дарга нар, холбогдох албан хаагчид болон аймаг, нийслэлийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын удирдлагууд оролцлов.