ТОЙМ

ADMIN
05 сарын 30
05 / 30

ТҮҮНИЙ ТУХАЙ...

ТҮҮНИЙ ТУХАЙ...

Амьдралын зам мөр олон салаагаар урсаж, гаталга онгоцны дарвуул салхинд хийсэн туугдах өдрүүдийг туулан өнгөрөхөд бидний тухай, хүмүүний тухай дурсамж сэтгэлд ургана. Түр зуур хаагаад орхисон байж болох үүд хаалга өмнө цэлийж, хамтдаа өнгөрүүлсэн ажил амьдралын өдрүүд сэтгэлд, нүдэнд асаж түүний тухай төдийгүй өөрийнхөө тухай бичих мэт халуунаар төөнөнө. Зуны эхэн сарын манант бороон дусал цонхны цаана нам гүмхэн урсаж, зулзаган модод үл ялиг чимчрэхэд “Түүний тухай юу бичих билээ” хэмээн хэсэгхэн алгуурлаад үг хайн бэдрэв. Чамин тансаг агуулга, эсэн бол галзуу цоглог үг хэллэгийн аль алиныг нь түүнд зориулж болох ч энгийн гүн хэмнэлд аярхан гулссан нь энэ эхлэлийг бүтээв.

Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан. Түүнийг мэддэг болсон миний, бидний түүх “Ардын эрх” сониноос эхэлж, “Улс төрийн тойм” сониноор өрнөж, өнөөдрийг хүртэл үргэлжлэхэд үргэлжид сэтгэлд байдаг өнгө цэв цэнхэр тэнгис далайн түрлэгтэй зүйрлэхүйц. Үл цуцан долгилох түүний дотоод өнгө болоод сэтгэлийн дулаан өөрийг нь төдийгүй бусдыг ямагт урагш нь татах, түлхэх хүчтэй. Ер бусынаар тас тас инээмсэглэх зориг тэвчээрийнх нь ард өр зөөлөн, бусдыг үл ялгах дотоод хүн нь нуугдаж байдаг. Олон хүн асуудаг “Мөнхбаясгалан аймар хатуу юу” гэж. Энэ асуултад бодлогошрох шалтгаан үгүй. Тэр зөөлөн хатуугийн дунд огт чөлөө олгохгүй хувирахдаа бусдын зовлонд нуруугаа авахуулж бөгтийх хэрнээ эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө хатуугийн хатуу хана хэрэм шиг цэх шулуун болж нуруугаа өргөдөг.  

Нэгэн цаг үеийн Монгол Улсын хаан хэмээгдэж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг Монголын сэтгүүл зүй бултаараа хааны хөрөг бичиж байхад тэр л чулуу шиддэг байсан. Тавантолгойн орд газрыг хувааж авсан үндэсний компаниудыг шагшин магтах бусдын ерөөл хуурмаг орон зайг бүтээж, гайхан хүндлэх сэтгэл зүй нийгмийн нэгэн давалгаа болоход тэр л ганцаараа сөрөг хүчин шиг сөрж зогсож байсан. Монголын түүхэн дурсгал, соёлын бүтээлүүд хилийн чинадад зарагдаж, үнэлж мэдэх хүмүүсийн хямдхан олз болоход тэр л сөхөж гаргаж, олны анхааралд оруулж Монгол Улсыг үнэт бүтээлээ тоолоход хүргэсэн. Монголын бизнес эрхлэгчид төдийгүй улстөрчид оффшор бүсэд данс нээж, хөрөнгө мөнгөө угаадаг тухай мэдэх бүү хэл нь зах зухын ч ойлголтгүй байхад тэр л оффшорын бүс нутгаас Монголын мөнгийг нэхэж хайж, авлига хээл хахуулын мөнгө эх орондоо шингэхээс илүү хилийн чинадад авдарлагддаг болсныг мөрлөж хөөсөн. “Монголросцветмент” нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнийн гарын үсгээр Монгол эх орныхоо хамгийн том мөнгөний орд болох Асгатын 50 хувийг ОХУ-ын “Полиметалл” компанид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын айлчлалын үеэр хамтын ажиллагаа нэрийн дор өгч, эзэмшилд нь шилжүүлчихээд байхад тэр л эрэн сурвалжлах цуврал нийтлэл бичиж, үр дүнд нь уг гэрээ цуцлагдаж байсан. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүрэн агсны амь насаа алдсан хэргийн мөрөөр дагаж мөшгисөн эрэн сурвалжлах нийтлэлүүд.. Магадгүй энэ тухай Та бид мартсан байж магадгүй. Харин тэр өөрөө болон тэр хүмүүс мартдаггүй байх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Төрийн өмчийн хорооны дарга асан Т.Сугар... Алсаас харахад өнөөдрийг хүртэл сэтгүүл зүйд, нийгэмд тод мөртэй оршиж буйн учир шалтгаан нь энэ. Учир нь, тэр эхлүүлдэг. Мөн төгсгөдөг.

Ийм эрч хүч, зориг тэвчээр, чанга хатуу сэтгүүл зүйн бүтээлийнх нь ард нөмөр нөөлөг, өр зөөлөн сэтгэл, бусдын зовлонд эмгэнэж, тусалж дэмжих мөн чанар нь нуугддаг. Тэр мөн чанар нь ямар үед нуувчнаас нь гарч, хэр олон удаа тэсэрч, хэр их шаналсныг нь мэдэхгүй. Гэхдээ л миний л мэдэх олон олон тохиолдол, олон олон өдрийн түүх бий. Зовлон шаналлаа богцлоод ирсэн уншигчийн хүсэлтэд тэр хэзээ ч үгүй гэж хэлж байгаагүй. Ярилцлага сурвалжлага хийлгэнэ. Араас нь явна, явуулна. “Цензургүй ярилцлага”-ын олон олон зочид ч үүний гэрч. Заримдаа өмнөөс нь залхаж, болиосой гэж бодох хүртэл бусдын зовлон бэрхшээлийн дотор нь орж, уйлж гашуудаад нэг мэдэхэд “Хамт амьдардаг уу” гэж асуумаар нэгэн цул болж тэмцэх нь бий. Магадгүй арван жилийн сургуулийн хаалгыг хааж “Махкомбинат”-ын цэвэрлэгчийн ажилд шилжсэн тэр цаг хугацаа нь түүнийг эв энгийн, жирийн байхад, хүлээхэд ч сургасан байх. Өөрөөр “Шүүрт” гэдэг хоч, тодотголдоо хачин дуртай байна гэдэг хэн хүний зөвшөөрөх зүйл биш. Тэр харин дуртай. Бүр туйлын дуртай. “Шүүрдэнэ дээ” гэдгээ зарлаж байгаад нийтлэлээ бичиж, нэвтрүүлгээ хийнэ. Үр дүнд нь, хөндсөн сэдэв болгон нь нийгэмд дуулиан дэгдээж, дээр дурдсан жишээ баримтын нэгэн адил эцсийн шийдвэрт хүрдэг.

“Цензургүй сурвалжлага-Хавдаргүй монгол” нэвтрүүлгийн зураг авалтаар хамтдаа олон арван зовж шаналсан, хамгийн уйтай нь хорвоогийн сүүлийн өдрүүдээ тоолж суугаа өвчтнүүдтэй уулзаж байлаа. Ямар ч гэм буруугүй, амьдрал гэж юу болох тухай бүү хэл аав ээжийнхээ ч үнэнтэй танилцаж амжаагүй цусны хавдартай тавхан настай охин, амьдралын сайн муутай тулж дуусаад үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралд санаа зовж зогсоо элэгний хавдартай 70 настан... Гал нь бөхөөгүй жаахан охины харц, эвлэрч хүлээсэн буурал настны нүд нэвтрүүлгийн багийн нулимс цийлэгнэх шалтгаан болж байхад тэр л ганцаараа “Ээжийнхээ дурсгалд зориулсан “Цензургүй яриа хавдарын эсрэг” аянаа өргөжүүлж, төр засгийн чихэнд хонх уяж, ард нийтийн дэмжлэгтэй энэ өвчний эсрэг тэмцэнэ. Юу хийж чадахаа хийнэ ээ” хэмээн нулимсаа арчиж, залгиж зогссон. Олон хүн зураг авалтын багийнхан буюу бидний нэгэн адил тухайн цаг мөчид л нулимсаа чимээгүй арчдаг бол цөөхөн нь л бүх нийтийн сэдэв болгож, тэмцлийн зорилго болгож, манлайлж, үр дүнд хүрч чаддаг. Тэр хүн нь Л.Мөнхбаясгалан эрхлэгч байсан. Хавдар судлалын үндэсний төвийн төсвийг хассан УИХ-ын гишүүдэд “Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан” нэрээрээ Миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж,  харин би эрт оношлуулсан учраас амьд үлдэж чадсан билээ.  Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр туулсан хүний хувьд олон хүний амь аврахсан,  Монголын минь олон мянган өрх тийм зовлонг бүү туулаасай гэж эх хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд бодох боллоо” хэмээн захидал бичиж, төсвийг нь нэмүүлсэн. Олон жил царцсан өргөтгөлийн барилгынх нь төсвийг улсын төсөвт суулгуулсан. Элэгдэлд орсон мэс заслын тоног төхөөрөмжийг нь шинэчлүүлсэн. Улсын төсвөөс санхүүжилт нь удаа дараа хасагдсан томограппын аппаратын нэг тэрбум 500 сая төгрөгийн шийдүүлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтан төдийгүй элэгний хавдраар зовж шаналж, хагацал зовлон үзсэн мянга мянга гэр бүлийн удаан хүлээсэн Элэг шилжүүлэн суулгах алба байгуулах ажлыг ч лоббидсон. Өдгөө энэ алба 100 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийснээр 100 гаруй гэр бүл жаргал зовлон хосолсон элэг бүтэн амьдралыг бүтээж яваа. Сүүлд “Элэг нэгт монголчууд” сангийнхаа нөхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт Хавдар шинэ цогцолбор төв эмнэлэг байгуулах газрын асуудлыг шийдүүлж чадсан. Эмнэлгийн барилгын ажил 2025 оноос эхэлнэ. Ээжийнхээ шарилыг хөдөөлүүлж зогсохдоо “Ээжээ, би хавдрын эсрэг тэмцэнэ ээ” гэсэн хувь хүндээ, ээждээ амласан амлалтандаа тэр ингэж хүрсэн. Тэр чадсан. Ер нь, тэр дандаа үр дүнд хүрдэг. Үр дүнг дагуулдаг. Уул уурхай, авлига, эрх мэдэл, нийгэм... хавдар. Сэдэв болгон нь ардаа үр дүнтэй. Сүүлд “Гэргий” нэвтрүүлгийг эхлэхэд олон хүн харин түүнд итгээгүй. “Л.Мөнхбаясгалан уу даа” гэж... Харин түүнийг мэдэх би болон бид, хамт олон, найз нөхөд зөвхөн амжилт л хүссэн байх. Магадгүй гэр бүл нь ч тэр адилхан. Учир нь, бусдыг нь тэр угаасаа чадна. Бусдын зовлон бэрхшээлд ээнэгшдэг тэр үнэн нь сэтгэлийн дотоодыг уудалж, эмэгтэй хүний, эх хүний мөн чанарыг хуулгагүй уудлахад илүүднэ үү гэхээс дутуудна гэж үгүй. Хоймороо өрсөн ховор нандин номын цуглуулга, хачин сайхан хоол цайны дээж, цэмцийтэл цэвэрлэсэн өргөө гэр, хайрлан дурлаж, энэрэн хамгаалж байгаа эрхэм сэтгэл... Ижийгийнхээ дурсгалд зориулсан “Гэргий” нэвтрүүлгийнхээ хойморт өөрөө зочин болж орох тэр өдөр нэгэн цагт ирлээ гэхэд энд өгүүлсэн нандин бүхэн тодоос тод уншигч таны хойморт илүү дутуугүй хүрнэ.

“Би чинь говийн бэр. Гурван сайхан уул миний нутаг” гэж хэлэх бүртээ тэр бэр очсон нутагтаа, чулуу шидсэн газартаа гэдэг үгийг дайдаг. Харгис хатуу аавынхаа хуримыг зарыг эсэргүүцэж нутгаасаа дайжин бүлээн говийн халуун сэтгэлд ээнэгшсэн эгч дүү гурван охины тухай домогт хачин дуртай. “Хайртай бүсгүйчүүддээ хүрье гэвч хүрч чадахгүй гав дөнгөд хүлэгдсэн гурван залуугийн юм сэтгэл гэнэ лээ” хэмээн нутгийнхны өгүүлдэг Өлзийт овоо, Цогт овоо, Цагаан овоо хийгээд тэднийг алсаас харуулдаж хүлээн суугаа гурван бүсгүйн сэтгэл юм хэмээх Говь гурван сайхан уулын домог төдийгүй үлгэр туульс, аман зохиол, эртний түүх түүний унших, судлах сонирхлынх нь түлхүүр. Хүмүүс мэдэхгүй байх. Яруу найрагч Ринчений Чойном, дорнын их яруу найрагч Омар Хаяам, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Ноён хутагт Д.Данзанравжаагийн бүтээлүүдээс огт торохгүйгээр сэдэв ярихдаа, ярилцаж суухдаа чимэг болгож эсвэл санаа болгож уншина. Энэ мөр нь их гоё. Тийм шүлэг нь нээрээ л юм бодмоор шүү гэнэ. Монголын богдуудын иш судрууд, “Монголын нууц товчоо” Лувсанвандангийн “Алтан товч”, В.Инжинашийн “Хөх судар”, Персийн түүхч Рашид ад-Диний “Судрын чуулган”, улс төр геополитикийн холбогдолтой, түүхэн хүмүүсийн намтар дуртай номынх нь төрөл. Миний л бодлоор сайн уншигч гэдэг гүйлгэж унших бус ойлгож, тогтоож, уншсанаа хэрэглэдэг байхыг хэлдэг байх. Түүхэн судар ном ишилж ярих, сэдэв санаа олох, үнэт зүйл эрж хайж өөрийн бодол санаандаа нэгтгэх зэрэг хувь хүний чанар талаас нь дээрх дүгнэлтийг хавсаргавал ямар ч тохиолдолд хөөсөрсөн магтаал болохгүй. Тэр урлаг, жүжиг, ер нь л сайн бүтээлд хачин их дуртай. Чин сэтгэлээсээ алга ташина, магтана. Бүр хайрлана, шүтнэ. Хааяа “Хэтрүүлээд байна уу даа” гэж бодтол сайн гэж бодсон бүтээл, уран бүтээлчдээ хайрлана, хүндэлнэ, хамгаална, өмгөөлнө.

Хорвоогоос зовлон шаналлаасаа зугтаж холдсон нялх балчир үрсийн тухай өгүүлдэг “Эвий хонгор үрс минь” нийтлэлийнх нь төгсгөлийн “Эвий, хонгор үрс минь, та нарынхаа төлөө томчууд бид юу хийсэн билээ. Яг одоо хүүгээ, охиноо өвөр дээрээ суулгаад “Аав нь, ээж нь чамдаа маш их хайртай” гэж хэлье. Өөдөсхөн тэднийгээ чангаас чанга тэвэрч гэнэхэн мөрөөдлийг нь чих тавин чагная. Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь” гэсэн өгүүлбэрийн сүүлийн цэгийг яаж дарсныг нь хэлэхэд тэр уйлж байсан юм. Яагаад уйлсныг нь тэр үед асуугаагүй. Харин дараа нь нийтлэлийг нь уншаад уйлж байлаа, бид. Уншигчид ч мөн адил.

Г.ОТГОНЖАРГАЛ