...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

ОРОН НУТГИЙН ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

ОРОН НУТГИЙН ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ
Аймгуудын Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас болон хамтран хэрэгжүүлсэн онцлох үйл явдал, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэж байна.
📍Өмнөговь аймаг
Өсөлттэй Өмнөговь хөтөлбөрийн залуус дэд хөтөлбөрөөс залуучуудын хөгжлийн сар, “Эерэг хандлага-идэвхтэй залуучууд” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулсан "Залуус ба яруу найраг" шүлгийн уншлага, уулзалт арга хэмжээнд урилгаар МЗЭ-ийн гишүүн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Хайрын шүлгийн Цагаан уул наадмын болон оны шилдэг шүлэг шалгаруулах “БОЛОР ЦОМ” наадмын эзэн Яруу найрагч Сайнжаргалын Начин оролцлоо. Уг уулзалтад яруу найраг сонирхогч хүүхэд, залуучууд оролцож, яруу найрагчийн шилдэг шүлгүүдээс сонсож, өөрсдийн зохиосон шүлгээ уншиж, харилцан яриа өрнүүлэв.
📍Төв аймаг
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Н.А.Бестужевын нэрэмжит Орос драмын театрт Соёл, урлаг, аялал, жуулчлал, залуучуудын газар, Монгол Туургатан театрын 40 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй баг "Монголын сайхан орон" тоглолтыг толилууллаа. Энэхүү тоглолтод урилгаар Төв сайхан нутгаас төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жужигчин А.Долгор мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Г.Энхнаран хамтран оролцлоо.
📍Орхон аймаг
Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү аралд зохион байгуулагдаж байгаа "Тамна" олон улсын соёлын наадамд Орхон аймгийн уран бүтээлчид оролцлоо. Жэжүгийн бүс нутгийнхан Тамна наадмаар дамжуулан ардын язгуур урлаг, түүх соёл, өдөр тутмын амьдрал ахуйгаа сурталчлан танилцуулдаг.
📍Сүхбаатар аймаг
“Соёл түгээе” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран Баруун Урт сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчдад "Угийн бичиг гэж юу бэ" мэдээллийн цагийг зохион байгууллаа.
📍 Баянхонгор аймаг
"Соёл түгээе" уриан дор "Соёлын орон зай – Бидний орчин" бүтээлч аяны хүрээнд соёлын орон зайг бүрдүүлэн, сурагчдын бие даалтын долоо хоногийг зөв боловсон өнгөрүүлэх, үндэсний өв соёлыг танин мэдэх, үлгэрийг уран яруугаар хүргэн соёлын онцлогийг таниулах, ардын уран зохиол унших сонирхлыг нэмэгдүүлэх, түүх, угсаатны мэдлэг олгоход чиглэсэн “Өв соёлын их өргөөнд тавтай морил” олон талт арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд Түүх, угсаатны зүй музейд хэрэгжүүллээ.
📍Ховд аймаг
"Тогтвортой аялал жуулчлал – Төв ази” уриан дор 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Ховд аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлэв. Мөн Ховд аймгийн аялал жуулчлалын нэгдсэн мэдээлэл болон маршрутыг шинэчилж, иргэдэд сурталчлан танилцууллаа.
📍Булган аймаг
Хөгжмийн урлагаар дамжуулан иргэд, хүүхэд залууст, соёлын боловсрол олгох, авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Амьд хөгжим” хөтөлбөрийн хүрээнд DGL хөгжмийн академитай хамтран ажиллаж, сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг эхлүүллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!