...
...
нийтлэл
Sainjargal
11-р сар 19

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ
Цамбын Жаргалсайхан /1953-2025/
Монголын соёл, урлагийн салбарын ахмад зүтгэлтэн, Соёл судлалын ухааны магистр, СУИС-ийн “Хүндэт профессор” Цамбын Жаргалсайхан 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр таалал төгслөө.
Гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Цамбын Жаргалсайхан нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтан гадас багийн Шандны-Улаан хэмээх газар 1953 оны 5 дугаар сарын 13-ны өдөр малчин ард Б.Цамбын гэрт галын зээ хүү болон мэндэлжээ.
Тэрээр 1961–1969 онд Баян-Уул сумын дунд сургуульд суралцаж төгсөөд, 1969–1972 онд Архангай аймаг дахь Багшийн сургуульд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцан мэргэжил эзэмшжээ. Түүнчлэн 1983–1987 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (СССР) Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад Улсын Дорнод Сибирийн соёлын дээд сургуульд суралцан, соёл,гэгээрлийн ажлын зохион байгуулагч, арга зүйч мэргэжил эзэмшиж, соёл судлалын ухааны магистрын зэрэгтэй болсон бөгөөд СУИС-ийн “Хүндэт профессор” цолыг хүртжээ.
Цамбын Жаргалсайхан нь 1972–1973 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1973–1976 онд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт 05 дугаар ангид (тусгай хороо) цэргийн алба хааж, 1976–1978 онд Баян-Уул сумын дунд сургуульд монгол хэл, орос хэлний багшаар, 1978–1983 онд тус сумын Намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар, 1987–1990 онд Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсийн даргаар, 1990–1992 онд БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Соёл, урлагийн хөгжлийн хороонд Соёлын хөгжлийн хэлтсийн даргаар, 1992–1996 онд Монгол Улсын Соёлын яаманд Соёлын хэлтсийн дарга, Захиргаа, боловсон хүчний тасгийн дарга, Тамгын газрын даргаар, 1996–1998 онд Гэгээрлийн яаманд мэргэжилтнээр, 1998–2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын дэд даргаар, 2000–2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ахлах мэргэжилтнээр, 2012–2013 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байлаа.
Цамбын Жаргалсайхан нь “Соёл урлаг шинэ нөхцөлд” цуврал (7 дэвтэр), “Ардын уламжлалт урлаг XXI зуунд”, “Соёлын төв – чанартай үйлчилгээ”, “800 морин хуурч, уртын дуучид”, “Соёл урлаг хүний хөгжил” зэрэг 10 гаруй эмхэтгэл, “Миний тэмдэглэл” нийтлэл, өгүүллийн ном, “Соёлын ажилтны лавлах толь бичиг”, “Соёлын лавлах товчоон”, “Монгол угсаатан, үндэстний өв уламжлал, соёлын орон зай”, “Дэлхийн соёл” зэрэг бүтээлийг хэвлүүлжээ.
Түүний боловсруулсан “Ардын уламжлалт урлагийг дэмжих”, “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмэй”, “Монголын уламжлалт бүжиг – бий, биелгээ”, “Монгол тууль” үндэсний хөтөлбөр, “Боловсрол, соёлын явуулын үйлчилгээг малчдад хүргэх нь” төслүүд нь Засгийн газрын тогтоолоор батлагдан амжилттай хэрэгжсэн байна.
Тэрээр олон улс, үндэсний хэмжээний соёл, урлагийн 100 гаруй наадам, уралдаан, арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг боловсруулж, зохион байгуулахад гар бие оролцож, Монголын соёл, урлагийн хөгжлийн түүхэнд томоохон үйлс бүтээж, залуу хойч үедээ үлгэр дуурайл болж байжээ.
Монгол Улсын төр Цамбын Жаргалсайханы тасралтгүй хөдөлмөр, соёл урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж “Соёлын тэргүүний ажилтан” цолоор, мөн “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнажээ.
Цамбын Жаргалсайханы гэгээн дүр, хөдөлмөрч, хичээнгүй, төлөв даруу, хүнлэг энэрэнгүй зан, зарчимч, тууштай хандлага нь үе үеийн соёлын ажилтнуудын бахархал, үлгэр дуурайл болж, бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!