Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас өнөөдөр /2025.10.17/ “Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн боловсруулан Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын Улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, соёл, спортын мэргэжлийн холбоодыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасан.

Тус журмын төсөл нь соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч, соёл, спорт, боловсрол, сургалтын байгууллагын үүргийг оновчтой тодорхойлж, бүх төрлийн уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй орон байраар хангах, хичээл сургалтыг завсардуулахгүй, шөнийн цагаар бэлтгэл, сургуулилт хийлгэхгүй, архидан согтуурч буй арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх, хамгаалах зэрэг ӨРГӨН АГУУЛГА, ЦАР ХҮРЭЭТЭЙ юм.

Хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдээс ирсэн саналыг журмын төсөлд тусгана.
Биеийн тамир, спортын улсын хороо
Боловсролын ерөнхий газар