...
...
Эдийн засаг
Sainjargal
11-р сар 02

Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв

Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн  тос олборлохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай ярилцаж, цаашид хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүслээ.

“Доншен газрын тос” (Монгол) ХХК жилд 50,000-60,000 тонн газрын тос олборлож буй бөгөөд 100,000 тоннд хүргэх боломжтой гэж танилцуулав. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компанийн удирдлагууд танилцууллаа. 2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна.

Дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компанийн зүгээс хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар шүүхийн шатанд очсон маргаанд Засгийн газар оролцох боломжгүй. Хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж байр сууриа илэрхийллээ.

“Доншен газрын тос” (Монгол) ХХК БНХАУ-ын SINOPEC групп компанийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!