Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.23/ хуралдаан 15 цаг 50 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд туссан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардлын хувьд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн гэв.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохиох, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхээр болжээ.
Түүнчлэн аймаг, нийслэлийн байгалийн ургамал, ан амьтан, газар, ус, рашаан, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын эх үүсвэрээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах, хяналт тавих арга хэмжээнд зориулсан төсвийг нэмэгдүүлж, энэ хүрээнд орон нутагт хөрсний доройтол, цөлжилт, ан агнуур, ховордсон амьтад, ойн үржүүлэг, усны нөөц, байгалийн дурсгалт газар, тусгай хамгаалалтын газрыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх, иргэн аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих, урамшуулах, хяналт тавих, нэгдсэн сан бүрдүүлэх зэрэгт зарцуулахаар болсныг дурдав.
Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход чиглэсэн Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2026 онд олгохоор тооцоолж, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр болсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгохоор 2026 оны төсвийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцлов.
Тус Байнгын хороонд хамаарах салбар болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцад 249.6 тэрбум төгрөг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 47.8 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Ц.Туваан, М.Мандхай, Ж.Батжаргал, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар говийн бүсийг усжуулах арга хэмжээнд хэчнээн төгрөгийн санхүүжилт тавьсныг тодруулахын зэрэгцээ Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Цагаандэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой Засгийн газрын 106 дугаар тогтоолын хэрэгжилт, болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг өргөтгөх чиглэлээр салбарын яам анхаарал тавьж ажиллах шаардлагатай байна гэлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд усжуулалтын асуудалд 347 сая төгрөг л тусгагдсан гэв. Мөн Азийн хөгжлийн банкнаас 51 сая ам.долларын санхүүжилтийг “Нэг нуур, нэг сум-333 нуур” хөтөлбөрийн хүрээнд авахаар ажиллаж байна гээд салбарын яам улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх асуудалд анхаарал хандуулж, өмнө нь батлагдаагүй байсан асуудлуудыг энэ Засгийн газар урагшлуулж байгааг хариултдаа онцолсон. Түүнчлэн тэрбээр салбарын сайдаар томилогдсоноос хойш ус, хүлэмжийн хийн асуудалд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байна гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ирэх жилийн төсөвт сүүний урамшуулалд 13.9 тэрбум төгрөг төсөвлөснийг дурдаад 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх ногоо ургаагүй тэрхүү хугацаанд сүүний урамшууллыг нэмэгдүүлэх боломж буй эсэхийг тодруулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 19 нэр төрлийн барааг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьсныг дурдаад өнөөдрийн байдлаар сүүний хангамж дотоодынхоо 60 хувьд хүрч, эл урамшуулалд төсөвлөгдсөн 13.9 тэрбум төгрөг багадаж байгааг онцлов. Мөн цаашид хүнсний ногооны ургац сайжирсантай холбоотойгоор зарим эх үүсвэрийг сүүний урамшуулалруу шилжүүлэх боломжтойг тэмдэглээд ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодоо 100 хувь хангах бүрэн бололцоотой хэмээн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нараас гаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь сүү, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир зэрэг урамшууллын татаас, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн хүүгийн дэмжлэгийг бууруулахтай холбоотой зармын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, Р.Эрдэнэбүрэн, Н.Наранбаатар нараас төслийн 2 дугаар хавсралтын УТ2606600085 төслийн кодтой “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ /Улсын хэмжээнд/, хэрэгжих хугацаа 2026-2026 он, төсөвт өртөг, санхүүжих дүн 40,000.0 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжих дүнг 9,000.0 сая төгрөгөөр бууруулж, “Онги-Цагаан бургастай төсөл, төслийн ТЭЗҮ, зураг төсөв, хэрэгжих хугацаа 2026-2028 он, төсөвт өртөг 44,490.0 сая төгрөг”, 2026 онд санхүүжих дүн 9,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн дээрх гишүүдээс Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийн багц дахь Эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт хөтөлбөрийн зардлыг 856.3 сая төгрөгөөр бууруулж, Говийг усжуулах судалгааны нэгжийн урсгал зардлыг мөн дүнгээр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай уг тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв.
Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зорилго нь холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулахад чиглэсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!