...
...
Тренд мэдээ
Sainjargal
8-р сар 15

ГССҮТ, МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

ГССҮТ, МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Монголын тусгай олимпийн хорооны захирал Б.Алтанцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд тусгай хэрэгцээт /хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны онцгой бэрхшээлтэй/ иргэдэд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээг ойртуулах, тэдний гэр бүл, асран хамгаалагч нараас гадна нийгмийн бүлэгт эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр тодорхой үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.  

Ялангуяа тусгай олимпийн хорооны спортын төрлүүдээр хичээллэж буй тусгай хэрэгцээт иргэдэд бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламж үзүүлэх тал дээр багш дасгалжуулагчдыг сургаж чадавхижуулах, тэмцээн уралдааны үеэр шаардлагатай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хамтарч ажиллах юм.

Монголын тусгай олимпийн хорооноос хөдөлгөөн, оюуны бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, нийгмийн харилцааны онцлог, тулгамдсан асуудлын талаарх цуврал сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, мөн “Fun fitness”, “Fit Feet” зэрэг хөтөлбөрийг ГССҮТ-ийн материаллаг баазад түшиглэн зохион байгуулах, Зүүн Азийн бүс болон Тусгай олимпийн олон улсын байгууллагаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахаар болсон байна.  

Дашрамд дурдахад, тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны онцгой бэрхшээлтэй иргэдийн хувьд спортын аль нэг төрлөөр хичээллэснээр бие бялдар, оюун санаа, хэл ярианы хөгжил нь сайжирч, амьдралын чанар дээшилсэн төдийгүй гэр бүл, нийгмийн харилцаанд оролцох идэвхи, байр суурь нь нэмэгдэж буй олон таатай жишээ бий.

Иймд ГССҮТ болон Монголын тусгай олимпийн хорооны хамтын ажиллагааны дагуу нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг зохион байгуулж, тусгай хэрэгцээт иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх нь нэн чухал алхам юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!