Эрчим хүчний тухай болон Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.07) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 14 цаг 12 минутад эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр болов. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. “Эрчим хүчний төсөл”, “эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч” гэдэг нэр томьёог шинээр тусган, энэ чиглэлийн барилгын зураг төсөл боловсруулахаас эрчим хүч үйлдвэрлэх хүртэл түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр эрчим хүчний сонгон төсөл сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бий болгох зохицуулалт бүхий төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, П.Сайнзориг, Б.Жаргалан, Х.Ганхуяг, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Эрчим хүчний сайдаас хариулт, тайлбар авсны дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Үргэлжлүүлэн төслийн 2, 3 дугаар зүйлийг тус бүрд нь холбогдох журмын дагуу хэлэлцсэн. Хамт өргөн мэдүүлсэн дөрвөн зүйл бүхий Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хоёр зүйл бүхий Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцээд, энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц дээрх төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, А.Ундраа нар ажиллажээ. Ажлын хэсэг энэ сарын 07-ны өдөр хуралдсан бөгөөд хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулах горимын санал гарган хураалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагч албан бичиг ирүүлсэн тул Хот байгуулалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, уг хуулийн төслийг буцаан татсанд тооцсон хэмээлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэхд гишүүд асуулт асуух, холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Р.Сэддорж дарга гаргав. Санал хураалтад оролцсон 18 гишүүний 61.1 хувь нь горимын саналыг дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд Л.Соронзонболд гишүүн төслийн талаар хуралдаанд танилцуулсан.
Төсөлд зээлийн хүүг бууруулах хүрээнд банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нь банкуудын эх үүсвэрийн өртөг, зээлийн хүүг тогтооход хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, саналаа танилцуулахыг Төв банканд даалгахаар тусгажээ. Мөн банкнаас эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарладаг болох зохицуулалтыг холбогдох журамд тусгах; Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мөн Монголбанканд даалгахаар тусгасан байна.
Төслийн хоёр дугаар зүйл зээлийн хүүг бууруулж, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нь зүйтэй хэмээн үзснээ Л.Соронзонболд гишүүн танилцуулсан юм. Үүнд банк болон банк бус санхүүгийн байгууллага хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал, хугацааг бууруулах; банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага, шалгуурыг төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгаснаа тэрбээр танилцуулав.
Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн, хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судалж, санал боловсруулан танилцуулахыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд, банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох журмыг зээлжих чадварын зэрэглэлтэй уялдуулан боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, танилцуулахыг, энэ тогтоолын биелэлтийн явцыг энэ оны арван хоёрдугаар сард багтаан танилцуулахыг холбогдох талуудад үүрэг болгожээ.
Улсын Их Хурлын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай асуулт асууж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд гишүүн болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Ийнхүү төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт заасныг үндэслэн “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Байнгын хорооны 18 гишүүний 72.2 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар болсон.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!