“Эрдэнэс Монгол” ХХК төрийн өмчит ТОП-10 ААН-д шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2024 онд эдийн засгийн голлох үзүүлэлтээрээ тэргүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж, алдаршуулсан бөгөөд энэ хүрээнд төрийн өмчит ТОП-10 ААН-ийн ангилалд “Эрдэнэс Монгол” ХХК гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ.
Татвар, борлуулалтын орлого, ДНБ-д эзлэх орлогын хувь, ажиллагсдын тоо зэрэг үзүүлэлтээр эрэмбэлдэг уг жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ гэсэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүний 4 компани шалгарсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэхдээ, нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратегиа баталж, санхүү, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилт тавьж, бүрэлдэхүүн компаниудаа нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар оновчтой хангаж ажилласны үр дүнд Монголын ТОП төрийн өмчит 10 аж ахуйн нэгжийн 4-өөр нь тус нэгдлийн бүрэлдэхүүний компаниуд тодорсныг онцолсон юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын гадаад валютын нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлэн, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
2024 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн голлох салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалж байна.
Монгол Улсын 2024 оны ТОП-10 Төрийн өмчит ААН
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс Монгол” ХХК
4. МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК
5. “Тавантолгой” ХК
6. “Төрийн банк” ХК
7. “МИАТ” ХК
8. “УБЦТС” ТӨХК
9. Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК
10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!