...
...
Улс төр
Sainjargal
7-р сар 02

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.07.02/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрөөс эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжин, либералчлал хийх асуудлыг тусгасны дагуу эрчим хүчний томоохон төслүүдийг нэн даруй эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж, энэ хэрэглээний өсөлтийг хангах дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц чадлын зохистой хэмжээнд (20 хувь илүү) хүргэх буюу одоо байгаа суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж 2030 оны түвшинд 3750 МВт хүргэх хэрэгцээ шаардлага бий болжээ.

Эрчим хүчний төслүүд нь санхүүжилтийн хувьд асар өндөр өртөгтэй бөгөөд үүнийг төр дангаар санхүүжүүлэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй шаарддаг байна. Гэвч, санхүүжилтийн дүнгээс хамаарч хөрөнгө оруулагч орж ирэхэд хүндрэлтэй төслүүдэд төрөөс тодорхой хэсгийг санхүүжүүлэх шаардлага үүсдэг бөгөөд энэ тохиолдолд төрийн санхүүжилттэй холбоотойгоор эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага бий болдог байна. Тухайлбал, төрөөс төслийн тодорхой хэсгийг нь санхүүжүүлээд, үлдэх төлбөрийг нь тухайн станцын үйл ажиллагааны орлогоос нь буцаан төлөх EPC+F нөхцөлтэй сонгон шалгаруулалт явуулах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудаар зохицуулах боломжгүй аж.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалтын хүрээнд сонгон шалгаруулах тохиолдолд EPC+F буюу барих, шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхийг хориглосон, түншлэлийн бусад хэлбэрээр шалгаруулах бол 36-48 сарын хугацаа шаардагдаж байгаа юм байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар “түлхүүр гардуулах” нөхцөлтэй буюу Engineering, Procurement, Construction гэрээгээр сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болсон, нөгөө талаас EPC+F төслийн санхүүжилтийн зарим хэсгийг гүйцэтгэгч нь санхүүжүүлэх нөхцөлтэй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байна хэмээн Эрчим хүчний сайд танилцуулсан.

Иймээс төрийн болон орон нутгийн өмчид эзэмших эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах эрх, сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тогтоох харилцааг зохицуулахаар тусгажээ. Сонгон шалгаруулалтыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалт хийх ажлын хэсэгт тавигдах шаардлагыг хуулийн төсөлд тодорхойлж, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үнэлгээний хороотой ижил нөхцөл, шаардлага хангасан гишүүдтэй байхаар тусгасан байна.

Түүнчлэн, түлхүүр гардуулах нөхцөлөөр сонгон шалгаруулалт хийхтэй холбоотойгоор туслан гүйцэтгэгчийн чадавхын үнэлгээнд тооцох асуудлыг хуулийн төсөлд тодорхой заажээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж төсөл сонгон шалгаруулах замаар эрчим хүчний эх үүсвэр барих этгээдийг тодорхойлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн хэвшилтэй хамтран ажиллах хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд нэгэнт шалгаруулалт хийсэн төслийн хувьд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн процессыг хялбаршуулах, сонгон шалгаруулж, гэрээ байгуулах хугацааг богиносгох харилцааг зохицуулахаар тусгажээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчид эзэмших эрчим хүчний төслүүдийн хувьд төслийн санхүүжилтийн хэлбэр, төрийн оролцооноос хамааран EPC менежмент хийх, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх, барьж шилжүүлэх, менежмент, санхүүжилт болон барих шилжүүлэх төрлүүдийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаад сайд Б.Чойжилсүрэн дурдсан.

Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хянаж ирсэнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуй нэгжүүд  алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын баталгааны шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдалд орсон байна.

Эрчим хүчний барилга байгууламжийн төсөл нь түлхүүр гардуулах буюу Engineering, procurement, construction хэлбэрээр хэрэгждэг бөгөөд төслийн нарийвчилсан зураг төсөл нь төслийн явцад хийгддэг. Хэрэв Өрийн удирдлагын тухай хуулийн одоогийн зохицуулалтын дагуу нарийвчилсан зураг төслийг урьдчилан хийх тохиолдолд технологи болон үйлдвэрлэгчийг урьдчилан сонгож өрсөлдөөнийг хязгаарлах, маш өндөр зардал гаргаж зураг төслийг урьдчилж хийх зэрэг үр дагавар гарахаар байгааг сайд тодотгоод, хуулийн өөрчлөлтөөр эрчим хүчний төслийн хувьд гаргах Засгийн газрын өрийн баталгааны хувьд тавигдах шаардлагыг өөрчилж, нарийвчилсан зураг төсөв шаардахгүй байх, сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх шаардлагыг бууруулж, төсөл нь санхүүжилтээ эргэн нөхөх санхүүгийн тооцоотой байхаар хуульд нэмэлт оруулах саналыг боловсруулжээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж байгуулан эрчим хүчний үйлдвэрлэл, найдвартай байдлыг дээшлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба сонгон шалгаруулалтад оролцогчид нь эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, станцыг төрд хүлээлгэн өгөх хугацаагаар харилцан өрсөлдөж, хамгийн сайн үнэлгээтэй төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт, найдвартай ажиллагааны нөхцөл байдлыг тодруулсан. Мөн Таван толгойн  цахилгаан станцыг барьж чадахгүй байгаагаас шалтгаалж жилд хэдий хэрийн алдагдал хүлээж буйг лавласан. Гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын нөлөө нийслэлийн хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх, өвлөөс өмнө Засгийн газраас ямар арга хэмжээ авахаар ажиллаж буйг асуусан.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын хэмжээнд өнөөдөр эрчим хүчний таван систем хоорондоо холбоогүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Баруун бүсийн, Алтай-Улиастайн, төвийн бүсийн, зүүн бүсийн, өмнөд бүсийн эрчим хүчний систем байна. Төвийн бүсийн эрчим хүчний системийг 330 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбосон. Төвийн бүсийн эрчим хүчний систем дээр 1264 мВт-ын дулааны зургаан цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байгаа. Өвлийн оргил ачааллын үед ямар ч нөөцгүйгээр бүх тоноглолоо ажиллуулахад дотоод хэрэгцээгээ хасаад 1101 мВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлж байгаа. Тоног төхөөрөмжийн тухайд хэлэхэд, 226 мВт-ын хүчин чадалтай труба генераторуудын ашиглалтын хугацаа дуусчихсан.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын хүчин чадалтай эхний блокыг өнгөрсөн оны 12 дугаар сард эрчим хүчний системд холбосон. Энэ жилдээ багтаад 150 мВт-ын хоёр дахь блокыг холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна Завхан аймгийн Тосонцэнгэл суманд  30 мВт цахилгаан станцын 21 мВт-ын хүчин чадалтай эхний хоёр блокыг холбох ажил хийж байна. Үүнээс гадна ОХУ-аас бид өвлийн оргил ачааллын цагийн үеэр 345 мВт цахилгаан эрчим хүч импортолж байгаа. Түүнчлэн 160 орчим мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцууд бий. 245 мВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсон.

Таван толгойн цахилгаан станцаас эрчим хүч авах төлөвлөгөөтэй “Оюутолгой” компани одоогоор Гашуунсухайт, Ганцмод боомтоор цахилгаан эрчим хүч импортолж байгаа. Жилдээ 140 орчим сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг Хятадын талаас худалдаж авч байгаа гэсэн хариулт өгсөн.

Мөн тэрбээр, “ТЭЦ-3”-д Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ослын шалтгаан нь тодорхой болж эхэлж байгаа. Энэ станцад гарсан ослоос шалтгаалаад Улаанбаатар хотод дулаан, цахилгаантай холбоотой хүндрэл гарна. Дулаантай холбоотой асуудлыг “ТЭЦ-4”, Амгалан дулааны станц руу шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. Цахилгаан эрчим хүчний тухайд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын  хоёр дугаар блокоос авах, шаардлагатай тохиолдолд Өвөр Монголын эрчим хүчний системээс 80 мВт хүртэл цахилгаан эрчим хүчийг өвлийн оргил саруудад дутагдалд орсон тохиолдолд импортлохоор холбогдох гэрээг хийсэн. 2025-2026 оны өвлийн оргил ачааллыг цахилгаан, дулааны хязгаарлалт хийхгүйгээр давах төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах заалтууд олон эрсдэл дагуулах талаар салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Хуульд өөрчлөлт оруулаад хүчин чадал өндөртэй, өндөр тарифтай эх үүсвэрийг өндөр өртгөөр бариад төрд худалдах нь. Энэ нь өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход саад тотгор учрах юм биш үү гэсэн эргэлзээ нийгэмд байна. Тийм учраас дээрх эрсдэл, эргэлзээг хаах заалтуудыг хуулийн төсөлд тусгах саналтай байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Хуулийн төслийг харахад эрчим хүчний салбарын суурь харилцаануудыг өөрчлөхөөр тусгасан байна хэмээгээд, хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэн байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учир тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!