2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2025.07.02) хуралдаан 10 цаг 02 минутад гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийн талаар хуралдаанд танилцуулав.
Дэлхий дахинд үүсээд буй сорилт, бэрхшээлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн гэх тодотголын төсөлд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэхдээ дараах зарчмыг баримталсан гэв.
Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хяналт үнэлгээний Үндэсний хороо, 20 минутын хот Үндэсний хороодыг татан буулгаж, холбогдох чиг үүргийг шилжүүлсэн бөгөөд, “Хилийн боомтын захиргаа”-г Сангийн сайдын багц руу, “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар”-ыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багц руу, “20 минутын хот хөгжлийн төв”-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багц руу тус тус шилжүүлжээ. Тус арга хэмжээний хүрээнд 48 орон тоо, 8.4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардлыг хэмнэх аж.
Мөн салбарын хуулиар тусгайлан зохицуулаагүй, чиг үүргийн давхардалтай хороо, зөвлөл, комисс болон тэдгээрийн ажлын албыг татан буулгах бодлогын хүрээнд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо, Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо, Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, Алсын хараа-2050 салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Эрчим хүчний реформын уялдааг хангах Үндэсний хороо, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл, Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг тус тус татан буулгаж 40 орон тоо, 11.2 тэрбум төгрөгийг хэмнэхээр тус тус тооцсон байна.
Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, чиг үүргийн давхардлыг бууруулж чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилтын хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тооцож 14.4 мянган орон тоо, цалин хөлсний зардал 261.0 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцсон хэмээн Дэд хорооны хуралдаанд Б.Жавхлан сайд танилцуулсан.
Хоёрдугаарт, төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновацыг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх замаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг бууруулалгүй бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх юм байна. Энэ хүрээнд бүх шатны төрийн байгууллагуудын зайлшгүй, нэн тэргүүний шаардлагатайгаас бусад тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний зардлыг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, харин хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээг бүрэн хэмнэхээр тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2025 оны төсвийн жилийг дуустал нэмэгдүүлэхийг хориглосонтой холбоотойгоор төсөвт байгууллагуудын түлш халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр тооцож 2025 оны төсөвт тусгасан байсан халаалтын зардлыг хэмнэлтээр тооцож 121.9 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцожээ. Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг хэмнэхээр тооцож 28.9 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ хэмээн тооцсон байна. Төрийн өндөр дээд айлчлалын болон гаднын өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэхээр тооцож холбогдох зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр буурах аж. Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг тэвчиж, зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр хэмнэх аж. Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардлыг 76.8 тэрбум төгрөгөөр; Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж урамшууллыг хэмнэж, зардлыг 30.2 тэрбум төгрөгөөр хэмнэхээр холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгажээ. Мөн бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг хэмнэх хүрээнд 617.3 тэрбум төгрөгийг тус тус хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгасан байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд “Хэмнэлтийн тодотгол”-оор төсвийн зардлыг 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолсон гэв. Үүн дээр Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, зарцуулахгүй байх зохицуулалтын хүрээнд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр зарлага буурахаар байгааг Б.Жавхлан сайд танилцуулсан.
Уг тогтоолын хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 57.7 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцаас 17.4 тэрбум төгрөг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцаас 12.4 тэрбум төгрөг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас 255.4 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцсон аж.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг болон эрчим хүчний найдвартай байдлыг хангах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр гурван зардлыг төсвийн тодотголд нэмж тусгасан байна. Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд COP-17 дугаар Бага хурлыг 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хурлын бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмж тусгажээ. “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан гамшиг ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд гарах зардал болон Дулааны станцууд, эрчим хүчний компаниудын найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг уртасгасантай холбоотой гарах зардалыг мөн нэмэхээр тооцсон байна. Зуны үер ус, намрын тариалалт болон өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан урьдчилан тооцож төлөвлөн тусгах боломжгүй, цаг үеийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх нөхцөл үүсэж болзошгүйг харгалзан үзэж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэн тусгажээ.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болжээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцууллаа. Төсөл нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байгаа гэлээ. Төсвийн төсөл, Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-ий эзлэх хувь 2025 онд 44.5 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2-т заасан төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг хангасан зохистой харьцаанд байгаа гэв. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд нийцсэн байгааг Ерөнхий аудитор танилцууллаа.
Дэд хороо төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг санал болгосон. Уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, хураалт, үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгааг анхаарахыг хүсэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгааг анхаарах шаардлагатайг танилцуулсан. Төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг шууд хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нөлөөлж болзошгүй байгааг анхаарч үзэх хэрэгтэй гэлээ. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтцээр үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэв. Төрийн албан хаагчдын тоог оновчтой хуваарилах, нөхөн томилгоо хийхгүй байх нь аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарах, цомхотголд орж буй албан хаагчдад чөлөөлөгдсөний тэтгэмжийн зардал эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий гэдгийг танилцуулсан.
Дэд хорооны дарга Д.Батбаяр эрүүл мэнд, боловсролын салбарын төсөвтэй холбоотой тодруулгыг хийж, Сангийн сайд хариулт авав. Эрүүл мэндийн сайдын багц дахь 69 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуулийн хугацаандаа худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаагүйгээс буцаан татагдаж байгаа гэв. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн урсгал болон тогтмол зардлыг хүүхэд нэг бүрээр тооцон төлөвлөдөг тул төсвийн асуудал үүсэхгүй” гэдэг хариулт өгсөн. Дав.Цогтбаатар гишүүн салбар бүрд захиргааны албан хаагчдын тоог нэмэгдүүлээд байгаа нь олон сөрөг үр дагавартай байгаа талаар тодруулж, тэр дундаа 114 прокурор цомхотгох, төсвийг хэмнэх нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсэх эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт авав. Дэд хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Дэд хорооны хуралдаан үргэлжиллээ. Сангийн сайд Б.Жавхлан холбогдох танилцуулгыг хийв.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 39 төсвийн ерөнхийлөн захирагч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргийн нийт 3,718 төсөвт байгууллага болон Үндэсний баялгийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгтгэжээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд 5559 төсөвт байгууллага, 349 төсөл, сан, төрийн өмчийн 638 аж ахуйн нэгжийн тайланг хамруулсан байна.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 12.1 хувиар өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, 15.8 тэрбум ам.долларт хүрэхэд зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн экспортын өсөлт голлон нөлөөлснийг Б.Жавхлан сайд танилцуулгадаа дурдав. Төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн жил 4.9 тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 451.0 тэрбум төгрөгөөр сайжирч, 920.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажиллажээ.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20 их наяд 533.0 тэрбум төгрөг, зарлага 21 их наяд 372.4 тэрбум төгрөг, нийт тэнцэл 1 их наяд 220.8 тэрбум төгрөгөөр сайжирч, улсын төсөв 1 их наяд 283.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Үргэлжлүүлэн Сангийн сайд тухайн онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдээс тоймлон танилцууллаа.
Эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэлийн хүрээнд өмнөх онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хадгалж, макро тогтвортой орчныг дэмжсэн төсөв, мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн, улсын зээлжих зэрэглэлийг ахиулах зорилт тавьж ажилласны үр дүнд олон улсын зээлжих зэрэглэлийн Fitch Ratings болон S&P Global Ratings агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+”, Moody’s агентлаг “B2, тогтвортой” болгон тус тус нэг шатлалаар нэмэгдүүлэн сайжруулжээ. Энэ нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, олон улсын санхүүгийн зах зээлээс хүү багатай санхүүжилт босгох боломжийг нэмэгдүүлэх, улмаар төсөв, төлбөрийн тэнцэл, валютын ханшид эерэг нөлөө үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн өрийн зохицуулалтын арга хэмжээний хувьд жил ирэх тусам эрсдэлийн нэмэгдлийг бууруулсан байна. Энэ нь ам.долларын эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өгөөжөөс давж буй хүүгийн хэмжээг харуулах бөгөөд Засгийн газрын хувьд 2021 онд гаргасан үнэт цаасны хувьд 3.6 хувьтай, 2023 онд гаргасан үнэт цаасны хувьд 3.6-4.9 хувьтай, 2025 онд гаргасан үнэт цаасны хувьд 2.3 хувьтай тус тус тэнцсэн байна. Энэ нь олон улсын зах зээлд тогтмол оролцож хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийн нэмэгдүүлж байсантай шууд холбоотой болно. Ингэснээр 2025 онд 8.5 хувьтай гарах боломжтой байсан үнэт цаасны хүүгийн түвшнийг 6.625 болгон бууруулсан ач холбогдолтой гэв.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Үндэсний баялгийн төрөлжсөн сангийн дансыг Монголбанканд байршуулж, тайлант онд 1 их наяд 341.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 495.6 тэрбум төгрөгийг Монголбанктай гэрээ байгуулан хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд оны эцсийн харилцах дансны үлдэгдэл 3 их наяд 979.4 тэрбум төгрөг болжээ.
Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоолоор “Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журам”-ыг баталж, хуримтлалын сангаас нэрийн данс үүсгэн иргэн бүрд 138,993.00 төгрөгийг хуваарилсан байна.
Засгийн газар хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулж Замын-Үүд, Гашуунсухайт боомтын импортын тээврийн хэрэгслийн 9 гарцыг 23, экспортын 5 гарцыг 27, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцыг 10 болгон өргөтгөж, Шивээ хүрэн боомтын хилийн шалган нэвтрүүлэх 8 хаалгыг шинээр ашиглалтад оруулснаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ. Үүний үр дүнд 2024 онд нүүрсний экспорт 83.8 сая тоннд хүрч, өмнөх оноос 20 хувиар нэмэгдлээ. Оюу толгойн далд уурхайн нөлөөгөөр зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1,695 мянган тоннд хүрч өмнөх оноос 11 хувиар, олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 7,511 мянган тоннд хүрч, өмнөх оноос 31 хувиар тус тус өссөн байна.
Иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх хүрээнд Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20.0 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10.0 хувиар, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг 100.0 мянган төгрөгөөр, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа 4 төрлийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 10.0 хувиар нэмэгдүүлсэн байна.
Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40.0 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20.0 хувиар бодож, сар бүр олгохоор шийдвэрлэсний дагуу 101.4 мянган төрийн албан хаагчдад улсын төсвөөс 239.9 тэрбум төгрөгийн нэмэгдэл олгосон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 нийт онд 1320 төсөл, арга хэмжээнээс шинээр хэрэгжүүлсэн 712 төсөл арга хэмжээнд 1 их наяд 687.0 тэрбум төгрөг, өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 607 төсөл арга хэмжээнд 1 их наяд 406.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож, гүйцэтгэл 80.3 хувийн биелэлттэй байгаа аж.
Дараа нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны нэгтгэсэн тайланг стандартын дагуу үнэн зөв илэрхийлсэн эсэхэд Төрийн аудитын байгууллага аудит хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн өмнөх оноос 29.0 хувиар өсөж, тайлант онд төлөвлөснөөс 534.5 тэрбум төгрөгөөр тасарсан боловч Үндэсний баялгийн санд 1 их наяд 341.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 35.9 хувиар өссөн нь цалин хөлс 3 их наяд 41.0 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 2 их наяд 782.6 тэрбум төгрөгөөр, бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 3 их наяд 371.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 920.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.2 хувьтай тэнцүү байгаа гэлээ.
Засгийн газрын өрийн нэрлэсэн үнээр илэрхийлсэн үлдэгдэл 33 их наяд 399.9 тэрбум төгрөг болж, ДНБ-ий 41.8 хувьтай тэнцэж, өрийн үлдэгдэл өмнөх оноос 2 их наяд 626.3 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өссөн байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд 27 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тухайн онд шинээр хэрэгжих 712, он дамжин хэрэгжих 607, нийт 11 их наяд 579.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1319 төсөл, арга хэмжээг тайлант онд 3 их наяд 828.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 62.7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 579 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 69.0 хувьтай буюу хангалтгүй байгааг танилцууллаа. Аудитаар Улсын Их Хуралд 4 асуудал толилуулж, Монгол Улсын ерөнхий сайдад 14, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 2, Сангийн сайдад 15, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад 1, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 1, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргад 2, Эрүүл мэндийн сайд бөгөөд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад 1, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан гэлээ. Ийнхүү 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар товч танилцуулаад С.Магнайсүрэн аудитор тухайн оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн талаар танилцууллаа.
Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 61 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6,832 санхүүгийн тайланг аудитад хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” 33, “Хязгаарлалттай” 29, “Сөрөг” 1 дүгнэлт өгчээ.
Аудитаар 27.1 тэрбум төгрөгийн зөрчилд 2,364 төлбөрийн акт тогтоож, 7 их наяд 576.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 4,686 албан шаардлага хүргүүлж, 1 их наяд 618.1 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 6,013 зөвлөмж өгч, 60.0 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцуулах 151 албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 10.2 тэрбум төгрөгийн 26 зөрчлийг шилжүүлсэн байна.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар илэрсэн 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил нь санхүүгийн тайланд материаллаг нөлөөтэй боловч өргөн тархаагүй, бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн аж. Аудитаар Улсын Их Хуралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 6, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 3, Сангийн сайдад 3 зөвлөмжийг тус тус хүргүүлсэн гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Батжаргал, Дав.Цогтбаатар, Д.Пүрэвдагва, Б.Бейсен, Д.Батбаяр нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хариулт авлаа. Дэд хорооны дарга Д.Батбаяр бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлын ангилалтай холбоотой санал хэлэхийн зэрэгцээ хэлэлцэж буй асуудлуудын талаарх мэдээллийг илүү хялбар болгох тал дээр анхаарч технологийн дэвшил ашиглан ажиллах санал хэлсэн. Ингээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Дэд хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!