Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл эрх баригчдыг айлгав уу

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл эрх баригчдыг айлгав уу
УИХ-ын чуулган танхимд хуучин Засгийн газрыг огцруулж, шинэ Засгийн газрыг байгуулах албан бус толхилцол, наймаа панз үсэрч, үсэрч хөрсөндөө буух энэ үед УИХ-ын нэр бүхий 20 гишүүний санаачлан өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулай тухай хуулийн төсөл Хууль зүйн байнгын хорооноос тодорхойгүй шалтгаанаар хэлэлцүүлэгт буцаав. Энэ тухайгаа УИХ дахь МАН-ын бүлгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн тайлбарлаж ч угтаа УИХ-ын бусад гишүүний өргөн барьдаг хуулийн төслийн адил ном журмын дагуу хэлэлцүүлэх субьектээрээ хэлэлцүүлж, санал авах эх сурвалжаас авч төслийг боловсруулсан гэдгээ хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүд удаа дараа мэдэгдсэн. Гэсэн ч эрх баригч хүчний зүгээс ерөнхий утгаар нь харвал үг үсгийн засвар байж болох ч цаад утгаараа төрийн дарангуй эрх болон нийгэмд аюултай гэдэг үндэслэлээр ялын хэмжээг нэмэх, хүнд гэмт хэргийн зүйл анги руу чирэх, ерөөсөө нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн болоход тун амархан болгосон Эрүүгийн тухай хуулийн 2017 оны нэмэлт өөрчлөлтийг засах гол ач холбогдлыг тэд хожим ч болов олж харсан бололтой юм. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газрыг огцруулах, дахин хэн хэн хэрхэн эрх мэдэлд хүрэх вэ гэж тийчилж өнгөрсөн өдрүүдэд тэд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нийгэмд тустай гол заалтыг олж хараагүй, ухаж ойлгоогүй байж мэднэ. Харин асуудал ажин түжин намдаж, хаа хаанаа эрх баригчийн намын эрх ашгийг хамгаалах, цаашлаад нэр хүнд алдар хүндээ Эрүүгийн хуулийн зүйл заалтаар эрхэмлэн дээдлүүлэх гэсэн хүсэл болоод эрх баригчдын айдас нь уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эрхэм зорилгыг анзаарч харахад хүргэсэн байж болох.
Иймд ямар шинэчлэл яагаад айлгав гэдэг тодорхой хариулт өгөх зорилгоор УИХ-ын АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин нарын 20 гишүүний санаачлан боловсруулсан Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол таван заалтыг нэг бүрчлэн тайлбарлая.
1. Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “худал мэдээлэх” гэмт хэрэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол” гэсний “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд” гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй байхаар өөрчлөхөөр тусгасан. Энэ нь хуулийн этгээдийн нэр хүнд гэдгээр зүйлчлэгдэхээр төрийн байгууллага, тэр дундаа сайд дарга, эрх мэдэлтний эрх ямба хамт бичигддэг бөгөөд энэ заалт Эрүүгийн хуульд үлдсэнээр даргын нар төр хуулиар хамгаалагдсан хэвээр хадгалагдана гэсэн үг. Иймийн учир, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах Эрүүгийн хуулийн зүйл заалтыг үлдээгээд ердөө хуулийн этгээдийн нэр хүнд гэснийг авчихья гэсэн байгаа юм.
2. Эрүүгийн хуулийн 1.3, 1.4, 2.1-д гэмт хэргийн шинж, гэм буруугийн зарчмыг бичихдээ “нийгэмд аюулгүй байдал” гэсний хасахын тухайд сүүлийн жилүүдэд тодорхой бус хэргийн улмаас тодорхойгүй яллагдсан тухай мэдээлэл олонтаа тарах болсон. Энэ нь улсын нууц болон нийгэмд аюултай байдал гэдгээр тайлбарлагдах бөгөөд чухам ямар аюул учруулсан тухайд ерөнхий тайлбар өгөх нь элбэг байгааг өмгөөлөгчид олонтаа тайлбарладаг. Нэг ёсны улсын нууцын тухай нууцаараа үлдэх нь хууль шүүхийн бүрэн эрх байж болох ч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ийм үг бий” гэдгээр шүүгдэгчдийн ялын дүгнэлтэд энэ зүйл ангийг түгээмэл хэрэглэх болсон нь зүйд нийцнэ. Гол нь, яагаад гэдэг асуултын хариулт тодорхойгүй хэрнээ “Хэрэглэх ёстой” гэдэг ерөнхий хандлага байгаа нь нийгэмдээ харин ч илүү аюултай гэсэн өмгөөлөгчдийн санал Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан нь энэ.
3. Эрүүгийн хуулийн 1-9-р зүйлд бичсэн “эрүүгийн хариуцлага” гэснийг “ял, албадлагын арга хэмжээ” гэж өөрчлөхийн хувьд Эрүүгийн хуулийн “эрүүгийн хариуцлага” гэдэг ойлголтод ял болон албадлын арга хэмжээг хамт оруулсан иргэний эрх зүйн байдлыг дордуулах болсон шалтгаант нөхцлийг засахыг зорьсон шинэчлэл. Энэ хуулийн тодорхойлолтоос үүдээд нэг шүүгдэгчид Зөрчлийн тухай болон Эрүүгийн тухай хуулийн аль нэгээр шийтгүүлсэн байлаа гэхэд шууд л эрүүгийн хариуцлага хүлээсэн болж хувирах талтай. Өөрөөр хэлбэл, ял болон албадан арга хэмжээ авах хоёр өөр зүйл заалт бүхий шүүхийн шийдвэрийг нэг төвшинд аваачих нь тухайн шүүгдэгчийн нэр хүнд, алдар нэр, ажиллаж амьдрах нөхцлийн Эрүүгийн хуулийн гажуудсан заалтаар дордуулах нөхцөл болж буйг засна гэсэн хэрэг байх нь.
4. Дараагийн өөрчлөх санал бол Эрүүгийн тухай хуулийн 4, 7, 13, 21-р зүйлд бичсэн “хэрэг шалган шийдвэрлэх” гэдэг үгийг “хэрэг хянан шийдвэрлэх” гэж өөрчлөх тухай. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналын тухайд хоёр өөр ойлголтыг бий болгох, цаашлаад хуулийг давхардуулан хэрэглэх, төөрөгдүүлэх гэмтэй хэмээн үзсэн. Нэг ёсны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хэрэг шалган шийдвэрлэх” гэдэг ямар ч ойлголт, томьёолол байхгүй байхад Эрүүгийн хуульд “хэрэг шалган шийдвэрлэх” гэж бичсэн нь хэргийг хянаад дараа нь дахин шалгах, эсвэл шалгаад дахин хянах төөрөгдөл үүсгэх гэмтэй гэж үзсэн байна.
5. Мөн хуулийн 21.9-д заасан “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэрэгт “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж мэдсэн хүн” гэснийг хасахын тухайд өнгөрсөн хугацаанд хамгийн их маргаан дагуулж, ер нь ор нэр төдий замхарч үлдэх нь их болсон хуулийн зүйл заалт гэдэгтэй маргах хэрэггүй. Учир нь, өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авсан хадгалсан, тараасан зэрэг зүйл ангиар шийдэгдсэн тохиолдол олон бөгөөд дор бүрнээ “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэн хамгаалах ёстой юм бэ. Төрийн албан тушаалтан уу, сэтгүүлч үү, албан хаагч уу” зэрэг маргаан нийгэмд удаа дараа өрнөсөн. Иймд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн төсөлд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг Монгол Улсын иргэн нэг бүр сахин хамгаалах үүрэггүй бөгөөд гагцхүү мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан, албан хаагч, хууль сахиулагч задруулсан бол хариуцлага хүлээгэхээр өөрчлөхөөр тусгасан.
Товчхондоо эдгээр өөрчлөлт нь ганц нэг үг үсэг, утга агуулга сольж холих мэт харагдаж буй ч албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, хуулийн этгээд нэрийн дор нэр төрөө эзэрхийлэн хамгаалдаг эрх мэдэлтнүүдийн эрх даргыг бууруулах, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хадгалах эзэн харьяаллыг тодорхой болгох, эрүүгийн хариуцлага нэрийн дор ял болон албадлагын арга хэмжээг хавсруулан ойлгуулах замаар яллагдагч, шүүгдэгчийг хохироохыг болиулах зэрэг хүний эрх дээр тулгуурласан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл байсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг нарын гишүүд “Энэ бол нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга болно. Ийм суурь ойлголтыг нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэхгүй” хэмээн мэдэгдсэнээр хуулийн төслийг тодорхойгүй шалтгаанаар буцаав. Үндсэндээ хэлэлцэх хэлэлцэхгүйн дунд мэдэн будилсан буцаалтын ард та бидний хэн нь ч “нийгмийн аюултай байдал” гэдэг зүйчлэлд гэм буруугийн ширээнд суухыг үгүй гэх газаргүйг мартаж болохгүй. Учир нь, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар 2017 онд санаачлан боловсруулж, батлуулсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт араас тань гэтэж буй нь тэр юм.
Г.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!