Хоёр их гүрний дунд орших Монгол Улс ардчиллаар чимэх ч энэхүү ардчилал нь ямархан эмзэг вэ гэдгийг илэрхийлэх өдөр хоногууд өнгөрсөнд ч, ирээдүйд ч амь бөхтэй орших нь бодит үнэн. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн төрийн үйл явдлууд нотлох бөгөөд ОХУ-ын Роснефть компани, Монголын “Эрчис ойл” компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэсэн аж ахуйн нэгж байгуулах замаар онгоцны түлшийг 20 жилийн турш нийлүүлэх гэрээг УИХ-аар хэлэлцэж хойшлуулсан явдлыг нэгд дурдаж болно. Хоёрдугаарт, Монгол Улс болон ЕврАзийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгийг онцлох хэрэгтэй. Хэдий асуудал өнөөдөртөө хараахан шийдэгдээгүй ч байнгын шахалт, байнгын хүч тарамдсан эрх ашиг унтана, устана гэж үгүй. Харин энэ хугацаанд давхцаж өрнөсөн сонирхолтой үйл явдал болон зарлалын тухай мэдээ мэдээлэлд тулгуурлан “ОХУ Монголд зөөлөн хүчний “жүжиг дэглэхээр” шийдэв үү асуултыг сул орхиж болохгүй нь. Учир нь, ОХУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков монгол үндэсний хувцасны “Ур ундрах” урланд зочилж, цасан цагаан өнгийн монгол дээл, малгай өмсөж, түүгээрээ сошиалд мэдээ мэдээлэл цацсан юм.
Урт удаан хугацааны турш Монголын улс төрийн дотоод нөхцөл байдлыг хөндлөнгийн гэхээс илүүтэй оролцогч хүний ёсоор дүгнэж, “Монголын идэвхтнүүдийг терроризмыг дэмжигчид гэдэгт тооцох нь зүйтэй гэж би үзэж байна” гэдэг хачин сонин мэдэгдэл хийж байсан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковын хувьд монгол дээл өмсөж, монгол малгай тэргүүндээ зална гэдэг яав ч жирийн бус үйлдэл. Тэр дундаа, “Монгол үндэсний хувцас дээл нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлчин Хүннү гүрнээс гаралтай гэдгийг мэднэ. Үнэхээр бишрэм сайхан хувцас. Монголд ирж буй ОХУ-ын жуулчид ч монголчуудын үндэсний хувцсыг маш их сонирхож, худалдан авдаг. Манай хоёр орон загварын салбарт хамтран ажиллах боломж олон байгаа” хэмээн ихэд сэтгэл дэвссэн харагдсан.
Мэдээж гуравхан сая хүн амтай атлаа хачин сонин улс төр болон нийгмийн дуулиан шуугиан ихтэй манай улсын хувьд аль нэг улсын Элчин сайд ингэж хэлэх нь нэг их сонирхол татах үйл явдал биш. Гэхдээ ихэрхэж харилцах нь хэвийн үзэгдэл болсон ОХУ-ын Элчин сайдын хувьд яав ч жирийн хэрэг биш юм. Наад зах нь, БНХАУ-ын Засгийн газартай Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тохиролцоонд хүрч, хоёр улсын хил холболтод 70 жилийн дараа шинэ цэг хатгачихаад байна. Нөгөө талд ОХУ болон Украины дайны асуудал манай улстай харилцах харилцаанд ч тодорхой нөлөө үзүүлж байгаа нь нууц биш.
Иймд асуудлыг илүү гярхай мөн няхуур харж үзье гэхнээ хоёр мэдээ сошиалд эрчимтэй хөвөрч эхэлсэн. Энэ нь, ОХУ-ын алдарт дуучин Алсу ирэх тавдугаар сарын 17-нд Монгол Улсын симфони оркестртой, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведеватай “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун хамтарсан тоглолт хийх болсон тухай. Өнгөц харахад дэлхий нийтийн өмнө хилийн хориг тавиулж, гадагшаа аялан тоглолт хийх нь бүү хэл олимпын наадамд ч оролцох эрхгүй болсон ОХУ-ын уран бүтээлч, тамирчдын хувьд хил гарч тоглолт хийх нь сонирхолтой байж болно. Гэхдээ манай улс хангалттай үр ашигтай, орлого олохуйц зах зээл биш. Ер нь, Монголд бус эх орноо тойроод аялан тоглолт хийхэд л манайхаас илүү нэр хүнд, мөнгө олж чадна. Иймээс л зөрүүд ааширхуу Элчин сайд нь аашаа засаж, шилдэг уран бүтээлчид нь Монголыг зорьж, манай хамгийн алдартай дуучинтай хамт тоглолт хийхээр болсон нь ОХУ манай улсад зөөлөн хүчний “жүжиг дэглэх”-ээр шийдэв үү гэдэг асуулт тавихад хүргэсэн хэрэг. Орос бол агуу гүрэн. Гэхдээ тэдний агуу бидний жижигтэй эвлэрч найрсах нь юу л бол...
Г.ОТГОНЖАРГАЛ