Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Хангайн бүсийн зөвлөл" чуулга уулзалтын үеэр хэлсэн үгнээс...
Хангайн бүсэд олон давуу тал бий. Тэр дундаа парламентад хоёр залуу гишүүн, гурваас дээш сонгогдсон гурван гишүүнтэй байна гэдэг нь улс төрийн мэтгэлцээн дунд том капитал юм. Өнөөдрийн хурлаар бидний хувьд “Бүсийн зөвлөл”-ийг албан ёсоор байгуулна. Тэд нэг жилийн хугацаанд хэрхэн ажиллах вэ гэдэг уралдаан болно. Засгийн газар хамгийн сайн ажилласан бүсийн зөвлөлийг дэмжиж ажиллана. ТЭЗҮ-гээ зөв гаргаж ирсэн, эдийн засгийн тооцоогоо хийсэн, эв нэгдэлтэй бүсийг дэмжинэ. Таван бүсэд бид хуваасан.
Хангайн бүс уламжлалт мал ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс гэж явна. Долдугаар сард төсөв хэлэлцэхээс өмнө бүх бүсээрээ тойрч дуусгана аа. Засгийн газар аймгийн төвүүдийг хооронд нь боомтуудтай холбох нь зүйтэй юм гэж үзэж байгаа. 2000 оноос эхлээд “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалт явсан. Энэ нь нийслэл хотоо аймгуудтай холбож байсан бол одоо таван бүс дээрээ тулгуурласан дэд бүтцийг бий болгох явдал. Эрчим хүч болон автозамын дэд бүтэц, агаарын нислэгийг дэмжих эрхзүйн орчныг бий болгож, 4400 км автозамыг барихаар хөтөлбөрт тусгалаа. Бүс бүхэн боомттой байх зорилтыг тавьж байгаа ч хангайн бүсийн тухайд боомт байхгүй. Тиймээс Шивээхүрэн ч юм уу, аль нэг боомттой холбогдох нь бүсийг хөгжүүлэх гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм. 14 мега төсөлтэй уялдуулах агуулгаа ч мөн ярина аа.
Баялгийн сан өнөөдөр хэрэгжээд явж байна. Энэ санг бид Ирээдүйн сан, Иргэдийн хадгаламжийн сан, Хөгжлийн сан гэж гурав хувааж байна. Ашигт малтмалын орлогыг төвлөрүүлдэг буюу АМНАТ-ыг “Баялгийн сангийн татвар” гэж нэрлэхээр Засгийн газраас саналаа УИХ руу оруулна. Энд бид нэг санал гаргаж байгаа. Хөгжлийн сангийн 50-аас дээш хувийг баялгийн санг хамгийн их дэмжсэн бүсэд зарцуулах тухай юм. Ингэснээр уул уурхай, эрдэс баялгийн хөгжлийг түлхүү дэмжсэн бүс нутагт түрүүлж хөгжинө гэсэн үг. 20 хувийг нь иргэдийн хадгаламжийн санд төвлөрүүлэх буюу орон сууц, эрүүл мэнд, боловсролд бэлэн бусаар зарцуулна. Улсын хадгаламжид буюу Ирээдүйн санд тодорхой хувийг хадгална. Үндэсний баялгийн сантай холбоотой нэлээдгүй мэтгэлцээн өрнөж байна. Гэхдээ энэ бүхэн байгалийн баялгийг иргэдэд хүртээмжтэй болгох, Үндсэн хуулийн заалт руу чиглэж байгаа гэдгийг та бүхэн том агуулгаар хараарай. Их хаанаараа овоглосон баялгийн санг иргэндээ илүү очих том агуулгыг иргэдэд ойлгуулаарай.
Хангайн бүсийн 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд юу тусгах вэ гэдгээ сайтар ярилцаж, сайд нарт ойлголт өгөөч. Хоёрдугаарт, бүсийн зөвлөлийн чиг үүргийг тодорхойлооч. Бүсийн зөвлөлийг хэн удирдах юм. Сар бүр хуралдах юм уу, улиралд хуралдах уу. Тэргүүлэх ажил чинь юу юм, эрхзүйн ямар орчин хэрэгтэй, амьдралын чанарын ялгаа юу байх вэ гэдгийг сонсохоор салбар яамдын гол мэргэжилтнүүдээ дагуулаад сайд нартайгаа цуг ирлээ. Хангайн бүсийн хувьд хүний хөгжлийн индекс, хүн амын тоо, ажиллах хүчин, ядуурал, малчин өрхийн тоо ямар байна. ДНБ-ий багтаамж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн багтаамж, гурван аймаг буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг хэрхэн эдийн засгийн интеграцид орж буй зэрэг статистикийг та бүхэнд хүргүүлсэн. Цаашдаа нэгээрээ биш нийтээрээ, бүсээрээ хамтын ажиллагааг эхлүүлье. ДНБ 2.7 их наяд буйг хэрхэн хоёр дахин нэмэх вэ гэдэг нь өнөөдрийн бидний сэдэв байх юм. Хангайн бүсийг эдийн засгийн интеграцид оруулах том төслүүд юу байх вэ. Гашуунсухайтын араас бид Шивээхүрэнг холбоно. Энэ боомттой хангайн бүс хэрхэн холбогдож, эдийн засгийн интеграцид орох юм бэ гэдгийг сонсох гэж энд ирлээ.