УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран энэ сарын 25-нд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” гэсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төрийн ордонд болсон энэ хэлэлцүүлэг нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, нэг зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар ажлын байранд хүйсийн тэгш эрхийг хангахад нийгэм, олон нийт, улс төрчдийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь Хүний эрхийн анхаарах асуудал зэрэг үндсэн илтгэлүүд танилцуулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллах юм байна. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны төв байгууллага болох 16 яам, тэдгээрийн харьяа агентлаг байгууллагууд, ТББ, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Ийм хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулж ажлын байранд хүйсийн харилцааг зохистой болгоход төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх юм.
Тус хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Баясгалан, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн төрийн захиргааны газрын дарга П. Оюунсувд нарын бусад харьяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.