БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражанатх Сингхтэй Шинэ Дели хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хилийн маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Бээжин, Шинэ Делигийн нийтлэг эрх ашиг үзэл бодлын зөрчлөөс илүү чухал. Талууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудалд урт хугацаа, стратегийн ач холбогдлын үүднээс хандаж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр, саруул ухаан болон эрч хүчээ зориулах учиртай хэмээн Ли Шанфу онцолжээ. Түүний хэлснээр, хоёр улсын хил дээрх нөхцөл байдал одоогоор тогтвортой байна. Талууд цэрэг болон дипломатын шугамаар харилцаа холбоотой байна. Хоёр улсын Зэвсэгт хүчнүүдийн хооронд итгэлцэл бэхэжнэ гэдэгт итгэж буйгаа Шанфу илэрхийлжээ.
Ражанатх Сингх хилийн маргааныг хоёр улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зохицуулах ёстой гээд хэлэлцээрийг зөрчсөнөөр хоёр улсын харилцааны үндэс суурийг ганхуулахаас гадна хилийн шугам дагуу цэрэг байршуулж, бэхжүүлэх нь нөхцөл байдлыг хурцатгахад хүргэдэг хэмээн онцолсон байна.