Улс төр

ADMIN
03 сарын 09
03 / 09

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН КОФЕноос "том" 45 ИШЛЭЛ

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН КОФЕноос "том" 45 ИШЛЭЛ

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хөгжингүй улсын дундаж засаглалын хугацаа багадаа найм тэгээд түүнээс дээш байдаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, тоймч Э.Энэрэлд ярилцлага өгсөн бөгөөд тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноосоо хойш анх удаа өдөр тутмын сонинд ам нээж буй нь энэ юм. Иймд түүний ярилцлагаас Монголын улс төр, эдийн засаг болон улс орны харилцаа, 14 мега төсөл, хувь улстөрчидтэй холбоотой буюу ярилцлагадаа цухас дурдсан кофений тухай ярианаас чухал 45 онцлох ишлэлийг түүвэрлэн хүргэе.

1.   Эдийн засгийн өсөлтийг, тоог бас үгүйсгэж болохгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт. Энэ нь цар тахлаас хойш эдийн засаг тогтмол 5-7 хувиар өссөн гэсэн үг.

2.   Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 4,128 ам.доллараас 6,890 ам.доллар болж өслөө..

3.   Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой.

4.   Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна.

5.   Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм.

6.   Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл.

7.   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа.

8.   Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд

9.   Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна.

10. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан.

11. Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй.

12. Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй.

13. Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.

14. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.

15. Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.

16. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.Тэгтэ л гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан.

17. 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганцмод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.

18. Төмөр замын царигийн асуудал Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан. Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.

19. 2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан.

20. Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий.

21. Стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд мань хүний л бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний /Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж/ л үед болсон.

22. Зөвхөн Б.Булган биш. Маш олон хүний амьдралын цаг хугацааг бүхэлд нь сүйрүүлсэн. Би торлогдчихсон зүрхийг чөлөөлөхийг л хүссэн юм. Ийм том асуудлыг хариуцлагатай ажил хийж, юу болсныг нь мэдчихээд, нүдээ аниад яваад байвал хожим өөрийгөө үзэн ядахаа мэдэж байсан. тэгээд л гаргаж тавьсан.

23. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ид яригдаж байх үед бас нэг иймэрхүү асуудал болж байсан юм. тухайн үед надтай бас ойрхон гэж үзэж болохоор улстөрч Лу.Гантөмөр даргатай холбоотой асуудал гаргаж ирээд, тэр нь бараг л Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоох хэмжээний улс төрийн асуудал болж хувирч байсан санагдаж байна.

24. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон.

25. Олон улсын геополитикийн энэхүү савлагаа, том төслүүд улстөржин гацсан цаг хугацаа, ардчилсан парламентын засаглал, намуудын төлөвшил зэрэг олон зүйлийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийхээр зориглосон. Энэ өөрчлөлт зөв байсан эсэхийг хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. тиймээс маш том хариуцлага.

26. Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх. Гэхдээ гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй.

27. Би Г.Лодойсамбууг гишүүн болохоос нь өмнө уулзаж ч байгаагүй. Утсаар ч харилцаж үзээгүй. УИХ-ын гишүүдэд эргэлзээтэй зүйл байгаа бол уулзчих боломж нь байдаг шүү дээ. Нүүр тулж уулзалгүй улс төрийн дүгнэлт хийнэ гэдэг сайн зүйл биш.

28. Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав.

29. Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн нь энэ.

30. Надад итгэсэн намынхандаа маш их баярладаг. Үнэндээ өмнө нь бараг уулзаж ч үзээгүй хүмүүс шууд гишүүн болсон. Намд нэг ч өдөр байж үзээгүй хүмүүсийг тооноор оруулж ирлээ. Хуучин попуудыг багасгалаа гэсэн чинь шинэ попууд ороод ирлээ гэх хүмүүс ч байна. Шинэчлэлдээ тавтай морил ч гэж даапаалж байгаа хүмүүс байна.

31. Монголын парламентын түүх 1992-2024, тэгээд 2024 оноос хойш гэж бичигдэнэ. Сайн ба саар байх нь харин бид бүгдээс л хамаарна. Өнөөдрийг дараагийн 30 жилд бодитой дүгнэх биз ээ.

32. Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн.

33. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү. Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй. Одоо харин тооцоогоо дуусгах нь зүйтэй.

34. Манайд Засгийн газрын дундаж нас богино байсан болохоор л дөрвөн жил энэ тэр гэж байна. Олон улсад ингэж яривал онигоо болно. Хөгжингүй улсын дундаж засаглалын хугацаа багадаа найм тэгээд түүнээс дээш байдаг. Скандиновын улсууд, Герман, Англи, Энэтхэг бүгд л тийм. Засаглал тогтворгүйгээр эдийн засаг ч байхгүй, ардчилал ч хөгжихгүй.

35. Хаа сайгүй л баг хуулагдаж байна. Дэлхийн II дайнаас хойш тогтсон хэм хэмжээ нэлээд өөрчлөгдөж байна. Дэд ерөнхийлөгч Вэнсээс эхлээд гал авч чаддаг итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй залуучууд ажиллаж байгаа нь таалагдаж байгаа.

36. Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн.

37. Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг.

38. 14 мега төсөл энэ бүгдийн санхүүгийн баталгаа учраас туйлын чухал. Бүх төсөл эцэстээ хүний хөгжилд хүртээмжтэй байх тухай ойлголт юм.

39. Эдийн засгийн гол түнш БНХАУ-тай олон томоохон асуудлыг шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ бол харилцан итгэлцэл. Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. Мэдээж ардчилсан улс гэдгээр барууны улс орнуудын жишээг улс төрд ярих дуртай байдаг. Гэхдээ бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай.

40. Өнгөрсөн хугацаанд олон л зүйлийг байр байранд нь тавихыг хичээлээ. Бараг л давхарга тогтож, кастын систем рүү орохоо дөхчихсөн байсан. Улс төрд хунтайж нар, бизнесийг өв залгамжлагчид л авч явдаг энэ байдал даамжраад каст руу орчихвол эргэж засагдахгүй.

41. Хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Бас энэ том төслүүд тус бүрдээ том динамиктай. 14 мега төсөл хөдөлгөнө гэдэг 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээнд сэтгэлзүйтэй байх л хэрэгтэй. Улс төр бас тэмцэл шүү дээ.

42. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.

43. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би.

44. Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үед нам дотор сунгаа явж байхад бидний хэдэн нөхөд Ц.Нямдорж даргыг дэмжиж байсан юм. Тэгээд намын Бага хурал шийдвэрээ гаргачихаар бүгд л нэгдэж ажиллаж таарна. Ялангуяа салангид харагдсан хэсэг нь дэмжиж ажиллах нь нийтлэг байдаг л асуудал. Тэгээд Ц.Нямдорж дарга бид хоёр аль аль нь л үүргээ гүйцэтгэсэн.

45. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.